АНУ-ын хамгийн муу ерөнхийлөгч хэн байсан бэ?
Анд нөхдийн мэдээ
2025-03-18
Америкийн сэтгүүлч Натан Миллер үе үеийн ерөнхийлөгч нарыг харьцуулсан "Хамгийн муу ерөнхийлөгч" хэмээх ном гаргажээ. Пулитцерийн шагналд таван удаа нэр дэвшиж байсан алдартай сэтгүүлч тэрбээр уг номдоо "Р.Никсон үндэсний аюулгүй байдлын байгууллагуудаа улс орноо батлан хамгаалахад биш, зөвхөн өөрийн бусармаг үйлдлүүдийг нуун далдлахад л ашигласан. Түүгээр ч үл барам АНУ-ын Үндсэн хуулийг бүрэн устгахыг оролдсон" гэжээ. Улмаар асар их чадвар, өндөр оюунтай хүн байсан ч Америкийн ардчиллын институцуудыг дорд үзэн доромжилж, шүүх эрх мэдлийг илтэд гацааж байсан тухай өгүүлсэн байна. Номд өгүүлснээр Р.Никсон ядуу гэр бүлд өссөн, ухаалаг нэгэн байжээ. Тэрбээр Харвардын их сургуульд тэтгэлгээр элсэн орсон ч ном, сурах бичиг, хоол, унааны мөнгөгүйн улмаас сургуулиа орхиж, Уиттиер коллежид шилжин суралцсан байна. Энэ үедээ өдөр бүр өглөөний дөрвөн цагт босч, жимсний дэлгүүрт ажиллаж, шөнө дөл болтол хичээлээ хийдэг байсан аж. Сургуулиа онц дүнтэй төгссөнийхөө дараа тэрбээр Дьюкийн их сургуулийн Хуулийн сургуульд суралцаж, хуульч болсон байна. Улмаар Маккартизмын үе буюу 1950-иад оноос коммунистуудыг хурцаар шүүмжилснээр үндэсний хэмжээний улс төрийн од болж чадсан бөгөөд дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байхдаа ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, Жон Кеннэдид ялагджээ. Улмаар Калифорниа мужийн амбан захирагчийн сонгуульд нэр дэвшиж, улс төрд эргэн орохыг оролдсон боловч энэ сонгуульд мөн ялагдсанаар түүний улс төрийн карьер дууссан гэж үзэж байв. Гэвч тэрбээр улс төрд эргэн ирэхдээ шууд АНУ-ын ерөнхийлөгч болсон юм. “Хүүхэд насандаа амсаж байсан гадуурхал, доромжлол намайг улс төрд хөтөлсөн” хэмээн өгүүлсэн тэрбээр АНУ-ын дэд ерөнхийлөгчийн албыг хоёр удаа, ерөнхийлөгчийн албыг мөн хоёр удаа хашсан байна. Ерөнхийлөгч байх үедээ өдөрт 12 цаг ажиллаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Хэнри Киссинжерийн тусламжтайгаар Хятад, ЗХУ-тай дараалсан дээд хэмжээний уулзалт хийж, Ойрх Дорнодын асуудал, Вьетнамын дайныг зохицуулахад оройлон оролцсон нь Америкийн түүхэн дэх хамгийн хүчирхэг ерөнхийлөгчийн нэг хэмээх алдрыг хүртээсэн ажээ. Гэхдээ тэр бол маш зальжин ухаалаг, муу аргатай, бусдад амар итгэдэггүй нэгэн байв. Тэрбээр Тагнуулын төв газар, Холбооны мөрдөх товчоо зэрэг хүчирхэг байгууллагуудыг ашиглан эсэргүүцэгчдээ дарж, амыг нь барьж чадсан гэнэ.
Н.Миллер анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоноос эхлээд 43 дахь ерөнхийлөгч Жорж Буш хүртэлх АНУ-ын 10 ерөнхийлөгчийг “Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа улс орон, ард түмэндээ хэн их хохирол учруулсан бэ?”, “Хэн Америкийн ард түмнийг хувийн зорилгодоо ашиглаж байсан бэ?” гэсэн хоёр шалгуураар оруулсны эцэст хамгийн муу ерөнхийлөгчийг нэрлэсэн байна. Түүний үзсэнээр, Жимми Картер бол ёс суртахууны хувьд өөрийгөө зөвтгөх үзэлд автсан, ирээдүйнхээ алсын хараа, зорилгоо гаргаж чадаагүй, Уильям Тафт дэвшилтэт үзлийн эрин үед консерватизмыг шаарддаг хүн байсан, Калвин Кулиж аливаа асуудалд сул дорой, ерөнхийлөгчийн гүйцэтгэх ёстой үүргийг биелүүлж чадаагүй, Улисс Грант чадваргүй, авлигад идэгдсэн хамаатан садныхаа бусармаг үйлдлүүдийг нүдээ аниад өнгөрөөсөн, Жэймс Бьюкенен явцуу бодол, хувиа хичээсэн үйлдлээрээ Иргэний дайныг эхлүүлсэн гэнэ. Хамгийн муу ерөнхийлөгч гэгддэг хүмүүсийн нийтлэг шинж чанаруудыг дурдахдаа зохиогч өөртөө итгэлгүй, зан авир муутай, буулт хийдэггүй, ур чадваргүй, шударга бус, үнэнч биш, бусадтай нээлттэй харилцахаас татгалздаг, алсын хараагүйг нь онцолжээ. "Америк орон муу ерөнхийлөгчтэй байсан ч цэцэглэн хөгжсөөр ирсэн. Гэхдээ бид цаашид оюун ухаан, туршлага, ёс суртахууныг дээдэлсэн ерөнхийлөгчийг сонгодог байх ёстой” хэмээн тэрбээр эцэст нь дүгнэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.