Монголын эзэнт гүрний үеийн эрэгтэй хүний дээлийг сэргээн Үндэсний музейд өгчээ
Чихэнд чимэгтэй
2025-04-29
Соёл урлагийн их сургуулийн харьяа Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн мэргэжилтэн Ч.Алтанцэцэг, Б.Мөнхцэцэг, П.Болормаа нар 2022 оноос "Монголын эзэнт гүрний үеийн монголчуудын үнэт зүйлс, соёл сэтгэлгээг баримтаар мөшгөх нь" сэдвээр судалгаа хийж, тухайн үед холбогдох археологийн олдворуудыг хоёр жилийн хугацаанд сэргээн засварлажээ. Тэд Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнд хадгалагдаж байсан Их нартын Баларын хадны оршуулгаас олдсон эрэгтэй дээлийг сэргээж, 1727 онд Сибириэс олдож эдүгээ ОХУ-ын Эрмитажийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй бүсний алтан шармал сэнжит аягыг хуулбарлан хийснээ өчигдөр Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хандивласан байна. Мэргэжилтнүүд уг дээлийг судлан өнгө, торгоны хээг нь сэргээж зураглахдаа сэрүүн улиралд эрэгтэй хүний өмсдөг сонгодог загвартай дээл болохыг тодорхойлсон юм. Мөн энэ дээлийг бодь гөрөөсний дүрслэл бүхий алтан утсан хээтэй торгоор өнгөлсөн болохыг тогтоожээ. Уг дээлийг анх 2012 онд ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн доктор Я.Цэрэндагва, АНУ-ын Денверийн Амьтан судлалын нийгэмлэгийн доктор Ж.Шнайдер нараар ахлуулсан баг Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дахь Их нартын Баларын хадны оршуулгын хоёрдугаар булшнаас илрүүлсэн юм. Энэ булш тоногдсон маягтай байсан бөгөөд дээлийн үлдэгдэл өөдөснүүд булш байсан агуйн амны эргэн тойронд хөглөрч, нарны гэрэлд үжирсэн байв. Сонирхуулахад, манай улсын нутаг дэвсгэрээс олдож судалгааны эргэлтэд орж байгаа хувцасны олдворууд дунд Монголын эзэнт гүрний үед холбогдох дээл, хувцасны зүйлс ихээхэн хувийг эзэлдэг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.