Ромын пап өөрт байсан бүх мөнгөө хүүхдийн хорих газарт хандивлажээ
Чихэнд чимэгтэй
2025-04-28
Өнгөрсөн долоо хоногт таалал төгссөн Ромын пап Францис нас барахынхаа өмнө өөрт байсан бүх мөнгөө буяны үйлсэд хандивласан талаар Их Британийн “The Economist” сонин мэдээлэв. Пап ламын хандивын зарцуулалтыг хариуцахын зэрэгцээ Ромын шоронгуудад түүнийг төлөөлөн ажилладаг байсан Монсиньор Бенони Амбарусын хэлснээр, Францис Ром хотын Касаль дель Мармо дахь хүүхдийн хорих газрын дэргэд ажилладаг гоймонгийн цехэд 200 мянган доллар хандивласан байна. “Гоймонгийн цех ипотекийн том зээлтэй. Зээл багасвал гоймонгийн үнэ буурч, борлуулалт өснө. Ингэснээр хорих газар ял эдэлж буй аль болох олон хүүхдийг тэнд ажиллуулж цалин өгөх бололцоотой болно гэдгийг би Пап ламд хэлсэн” хэмээн М.Амбарус “The Economist” сонинд ярьжээ. Үүний хариуд Францис “Надад байсан мөнгө бараг дууссан. Гэхдээ бага сага юм бий” хэмээгээд, хувийн хадгаламждаа байсан бараг бүх мөнгийг өгсөн нь тэр аж. Энэ сарын эхээр Пап лам хэдийгээр биеийн байдал нь муу байсан ч Касаль дель Мармо дахь хүүхдийн хорих газарт очсоныг М.Амбарус мөн дурсчээ. “Тэнхээ нь маш доройтсон байсан ч тэрбээр хорих газарт очиж, тэнд байгсдад амьдрах итгэл найдвар, урам зориг хайрлахын тулд шүд зуун тэвчсэн” хэмээн тэрбээр ярьсан байна. Ватиканы тэргүүний хувьд сар тутам 30 мянган еврогийн цалин авах ёстой ч Францис папын сэнтийд суух хугацаандаа энэ цалинг нэг ч удаа авч байгаагүй бөгөөд буяны янз бүрийн байгууллага, сүм хийд, хөрөнгө мөнгөөр гачигдсан хүмүүст шууд шилжүүлдэг байжээ.
Гэрэл зургийг: Danny Lawson/Global Look Press
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.