images

Оросууд Мальта улсын алтан визний системийг ашиглах болсон явдлыг Европын шүүх авч хэлэлцэнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-04-28


   Украины дайн эхэлсний дараа хориг арга хэмжээнд орсон Оросын иргэд хоригоос зайлсхийхийн тулд Европын холбооны гишүүн Мальта улсын алтан визийн системийг ашиглах болжээ. Их Британийн “Financial Times” сонины мэдээлснээр, Украины дайнаас хойш Оросын долоон иргэн Мальта улсын иргэншил авсан бөгөөд үүнд Оросын нэртэй бизнесмэн Альберт Авдолян багтсан байна. Тэрбээр ОХУ-д нүүрс, байгалийн хийн компани эзэмшдэг, түүнчлэн Оросын төрийн өмчит “Ростех” компанитай ойр дотно харилцаатай явж ирсэн тул Европын холбоо түүнд хориг тавиад байсан юм. Түүнчлэн АНУ-ын хоригт орсон гурван хүн, Украины хоригт орсон гурван хүн Мальта улсын паспорт авсан нь тогтоогджээ. 2004 онд Европын холбоонд элссэн Мальта улс их хэмжээний мөнгөөр иргэншил олгодог алтан визийн журам нэвтрүүлсэн юм. Энэхүү визийг авахын тулд хүсэлт гаргагч нь Мальта улсад нэг удаад доод тал нь 600 мянган еврогийн хөрөнгө оруулалт хийх, үл хөдлөх хөрөнгө худалдаж авах эсвэл түрээслэх ёстой. Мөн түүнчлэн буяны байгууллагад 10 мянган евро хандивлаж, тус улсад гурваас дээш жил амьдрах ёстой гэсэн журамтай ажээ. Мальта улсын паспорт авснаар Европын холбооны иргэний статустай болж, тус холбооны аль ч улсад банкинд данс нээлгэх, бизнес эрхлэх, зарим оронд визгүй зорчих боломжтой болдог. Сүүлийн үед Европын холбоо тус улсын энэхүү алтан визний тогтолцоонд санаа зовниж байна. Энэ нь хориг арга хэмжээнд орсон хүмүүс, гэмт хэрэгтнүүд үүнийг буруугаар ашиглаж эхлээд буйтай холбоотой юм. Тиймээс Европын холбооны комисс Мальта улсын алтан визийн журмыг түдгэлзүүлэхээр шүүхэд ханджээ. Европын шүүх маргааш энэ асуудлаар шийдвэр гаргах төлөвтэй байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.