images

Малчин Ч.Өнөрдэлгэр: Эндрюс дэргэд байгаа юм шиг санагдаад, байсан бол түүн рүү хашхирмаар болдог

Б.Бадамзул

Миний дуртай ном

2025-05-23


Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нэгдүгээр багийн малчин Ч.Өнөрдэлгэртэй хамгийн дуртай номынх нь талаар хөөрөлдлөө. Тэрбээр өдгөө үлэг гүрвэлийн өлгий Нэмэгтийн хөндийд хаваржиж байгаа бөгөөд Монголыг үлэг гүрвэлийн олдвороор нь дэлхийд зарлан тунхагласан Рой Чэпмэн Эндрюсийн “Эртний хүний мөрөөр” номд дурладаг нь аргагүй ажээ. 1922-1925 онд Монголын говьд малтлага, судалгаа хийсэн Р.Эндрюсийн экспедицийн зуун жилийн ой тохиож буй энэ цагт хаврын номын баяртай давхцан манай сайтад ярилцлага өгснөө “Санаатайгаар ингээгүй байтал тулгын гурван чулуу шиг эвлэсэн сайхан, дурсамжтай явдал боллоо” хэмээн Ч.Өнөрдэлгэр бэлгэшээсэн юм. Ингээд говь нутагтаа амьдран суугаа малчин эмэгтэйн сэтгэл, оюунд эртний хүний мөрөөр аялсан америк хүний тэмдэглэл хэрхэн буусныг хүлээн авч уншина уу.

   Хаврын номын баяр болж буй энэ өдрүүдэд манай нутгаар хаваржаа сайхан байна. Би Монгол орны эгэл бор амьдралын түүхийг өгүүлсэн ном унших хамгийн дуртай. Тэр дундаас АНУ-ын Байгалийн түүхийн музейн Төв Азийн шинжилгээний ангийн ахлагч Рой Чэпмэн Эндрюсийн “Эртний хүний мөрөөр” номд хайртай. Яагаад энэ номыг уншив, яагаад надад ойрхон байв, онцгой санагдав гэхээр энэ бол нэг талаар надад ойрхон сэдэв. Юу гэвэл “Үлэг гүрвэлийн өлгий Үлэмжийн төгс Гурвантэс”, “Үлэг гүрвэлийн нутаг Нэмэгтийн хөндий” гэж ярьдаг, Монголдоо палеонтологийн олдвороор дээгүүрт ордог энэ газарт манайх нутагладаг болохоор “Эртний хүний мөрөөр” номд бичсэн бүхэн надад ойрхон, ойлгоход амархан бөгөөд маш сонирхолтой юм. Тийм ч учраас байнга уншдаг, дэргэдээ байлгаж дуртай цагтаа сөхөж хардаг.

Эндрюсийг нээсэн нь

   Өөрт юу хэрэгтэйг хаанаас, яаж олж үзэх вэ гэдгээ цахим ертөнцөөс хараад мэдчихдэг сайхан цаг үед бид амьдарч байна. “Эртний хүний мөрөөр” гэж ном байдгийг анх интернэтээс мэдсэн юм. Манай суманд ном уншдаг хүн олон болохоор тэднээсээ сураглаж байгаад П.Өнөрбаатар эгчээс олж авч анх уншсан. П.Өнөрбаатар эгч бол насаараа манай сумын эмэгтэйчүүдийн байгууллагыг удирдсан, маш оюунлиг хүн, одоо дал гаруй настай. Номоо надад их дуртай өгсөн. Уншихад надад маш их таалагдсан учраас өөртөө худалдаж авъя гээд номын дэлгүүрүүдээс сураглатал байдаггүй ээ. Би хуучин ном зардаг хүмүүстэй харилцаатай байдаг. Тэднээсээ асуувал нэг нь “Надад сүүлд хэвлэсэн шинэ хэвлэл байгаа” гэхээр нь авсан. Нүүр үзээгүй боловч, авъя гэсэн номоо хэлэхээр гялгар цаасаар хулдаад, нэр хаяг бичээд шууд унаанд тавиад явуулдаг юм. Би номоо аваад төлбөрийг нь данс руу нь хийнэ. Танихгүй хэрнээ хүнд итгэдэг ийм сайхан хүмүүс номтой нөхөрлөгчдийн дунд байна. Ийм хүмүүсийн итгэлийг алдахгүй  байх хэрэгтэй. Ингэж би гэртээ дуртай цагтаа, завтай үедээ хардаг нэг ийм номтой болж байлаа. 2022 онд хүнээс зээлж уншаад 2024 онд өөртөө худалдаж авсан даа.

Амтанд нь оров

   Их хайсан номоо олж авч унших гоё. Гэнэт нэг ном аваад унших, хайсаар байгаад олж авч унших хоёр их өөр. Энэ номыг би анх уншаад, надад заавал байх ёстой ном юм байна, гэрийнхээ нүүдлийн номын санд авч хийе гэж бодсон. Тэгээд энэ номтой хамт, 1940-өөд онд Нэмэгтийн үлэг гүрвэлийн олдворт газрыг нээсэн Оросын аялагч, эрдэмтэн И.А.Ефремовын бичсэн “Салхин зам” номыг олж авав. Яг миний амьдарч байгаа энэ нутаг орныг бичсэн ном. Ингээд ямар ч байсан палеонтологийн хоёр ч сайхан номтой болоотохлоо.

   “Эртний хүний мөрөөр” номыг би хоёр удаа бүтэн уншсан. Тэгээд энд тэндээс нь эргүүлж олон үзсэн дээ. Тэнд нь нэг тийм юм байсан, тэрийг эргээд нэг хараатхая гэдэг юм бол өчнөөн бий. Ажлын дундуур чөлөө гаруут “Эртний хүний мөрөөр”, “Салхин зам” номыг сөхөж хардаг. Зарим үед хэвлэл, цахим ертөнцөөс харсан, сонссон юмаа тэр ном дээр байсан билүү, үгүй билүү, мэдээлэл нь таарч байна уу, зөрж байна уу гэж бас харна. Хамгийн сүүлд уншсан маань гэвэл номын төгсгөлийн хэсэгт байдаг “Бамбай хоншоортын отог” гэдэг хэсэг. Тэд могойноос айдаг хүмүүс байсан юм уу даа. Шөнө майханд тэр урт хайрхануудыг таарсан болгоныг нь хүрзээр цохиод сүүлдээ ачааныхаа татлага олсыг хүртэл андууран тас цавчсан тухай өгүүлдэг.

Р.Эндрюсийн анх 1926 онд Нью-Йоркт хэвлүүлсэн “On The Trail of Ancient Man” номын монгол орчуулгын анхны хэвлэл.

Орчуулсан Д.Гэрэлтөв, Д.Маралгоо.

Таньдаг мөртлөө таньдаггүй хүн шиг...

   “Эртний хүний мөрөөр”, “Салхин цаг” хоёр бол манай говь нутагт анх судалгаа хийсэн гадаадын хүмүүсийн бичсэн ном шүү дээ. Амьдран суудаг нутгийн маань тухай бичсэн ном гэхээр их сонин байдаг юм. Нэг их таньдаг хүнтэйгээ уулзаж байгаа юм шиг, эсвэл сайн мэддэг хэрнээ огт мэддэггүй зүйлийн маань тухай ч юм шиг, их л өвөрмөц санагддаг. Хоёр номын алинд нь ч ялгаагүй энэ газар орны тухай бүх зүйлийг маш тодорхой сайхан тэмдэглэн бичсэн байдаг. Тийм юм уншихаар хүн чинь төсөөлж бодно биз? За яг тэндээс ирээд тийшээ явсан юм байна, энэ бичээд байгаа газар нь тэнд байсан юм байна гэхчлэн төсөөлөөд, нүдэндээ харж уншина. Ингэж унших чинь их өөр, сонирхолтой юм билээ.

   Номд Улалзах цонж гэж гардаг Баянзаг, манай Нэмэгтийн хөндий хоёр байгалийн тогтоцын хувьд нэлээн төстэй. Баянзагт би очиж үзээгүй боловч зураг, бичлэг харахад хоорондоо төстэй том том улаан цав харагддаг. Нэмэгтийн хөндийд нутагладаг учраас энүүгээр бол ямар байдгаа би мэдэлгүй яах вэ. Цавуудын дотор ч, гадна нь ч олдворууд бий. Энийг газар дээр нь ирээд харахаар их сонин, ус ширгэсэн юм шиг үелчихсэн байдаг. Тэгэхээр энд усны том амьтан, үлэг гүрвэл зэрэг янз янзын амьтад амьдарч байгаад ус нь ширгэсний улмаас газрынхаа эрэг улаан цавд наалдаад сүйрч сөнөсөн юм болов уу гэж бодмоор тийм тогтоц байдаг юм.

   Манай нутаг Нэмэгт уул, Нэмэгтийн их хонгил бол Алтайн нурууны салбар уулсын төгсгөлийн бэсрэг жижиг уулсын нэгээхэн хэсэг бөгөөд Алтан, Нэмэгт, Ноён Сэврэй уулс Гурвансайханы нуруутай залгаад явчихдаг. Нэмэгт уул далайн түвшнээс дээш 2700 гаруй метр өндөр өргөгдсөн, сонин сайхан амьтан, жигүүртэн, эмийн болон бусад ургамал элбэг. Ган, зудгүй жил дараалан өн болсон бол ялангуяа. Энийгээ дагаад үхэр л хараахан бага болохоос биш таван хошуу мал үржихэд ээлтэй нутаг. Говь болохоор тэмээ их. Тэмээг заг бударганагүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэр Нэмэгт, Алтан уулын ар, өвөр хөндий, хоолойгоор тэмээн сүрэг багширч байдаг. Хэдэн сая жилийн өмнө үлэг гүрвэл гэдэг аварга амьтад энд бэлчиж байсан бол өнөөдөр энд тэмээ гэдэг амьтан багширч байгаа ийм сайхан нутаг орон юм аа.

Р.Эндрюсийн экспедиц Монголын говиос үлэг гүрвэлийн олон өндөг бүхий үүр олсон нь. 1923 он. үлэг гүрвэл өндгөөр үрждэг байсныг дэлхийн шинжлэх ухаанд анх удаа энэ олдвороор нээн нотолсон билээ.

Гэрэл зургийн эх сурвалж: www.roychapmanandrewssociety.org

Зуун жилийн наана, цаана

   Зуун жилийн өмнөхийг өнөөдөртэй харьцуулахад газар тэнгэр шиг өөр болжээ. Эндрюсийн үеэс эдүгээг хүртэлх зуун жилийг ярьж байна шүү дээ. Энэ чинь нэг бодоход богино гэмээр хугацаа. Гэтэл Эндрюсийг анх ирэхэд байгалийн гоо сайхан, онгон дагшин байдал, зэрлэг араатан, жигүүртэн ямар сайхан байсан юм бэ. Өнөөдөр бид ямар болгочхоод сууж байгаагаа харьцуулах хэрэгтэй юм шиг санагдсан. Залуус энэ номыг уншаад үүнийг харьцуулж бодоосой гэж би хүсдэг юм. Зөвхөн энэ ач холбогдлынх нь үүднээс үзэхэд л хүүхэд залуусын заавал унших ёстой ном энэ мөн. 

   Хөдөөгийн ахуй амьдрал дээрээ байгаа хүний хувьд бодоход Эндрюсийн тэр аялал их сонин. Жингийн тэр олон хөсөг тэмээ их элсэн дундуур тийм их ачаатай яаж явж байсан бол, тэр олон машины цуваа бас яаж явсан бол, тухайн үеийн хүмүүс хэрхэн хүлээж авч байсан бол гэж бодохоор маш сонин. Машин гэдгийг анх л үзэж байгаа шүү дээ. Тэр нь нүдэнд харагддаг. Номд ч тэр хүмүүсийн айх нь айж, гайхах нь гайхсан тухай тодорхой бичсэн бий.  

   Номд Эндрюс нүүдэлчин монголчуудын хүн чанар, сайн сайхныг олон талаас нь шагшин магтсан хэсэг олон гардаг. Тэмээн хөсгийн ахлагч Мэрин гэж монгол хүн байна. Түүнийг бол “Миний үнэнч туслах, зөвлөх” гэж бахадсан байдаг. Нэр нь гараагүй олон хүнтэй хөдөө гадаа, замд, усан дээр, айлд ч уулзсан байна. Айлд очиход нь машин үзээгүй, гадаад хүн хараагүй зарим нь айгаад ухаан алдаж ойчсон гэж гардаг. Тэгсэн нь ч тэгсэн л байх, хаалттай цаг үе юм чинь. Тэр мэтээр өөрт нь сонин сайхан юм тохиолдсон тухай хөгжилтэй, гайхан биширсэн гэх мэт янз янзаар бичжээ. Тэгэхдээ монгол хүний тусархуу зан, өгөөмөр, нинжин сэтгэлийг юугаар ч хэмжиж баршгүй гэсэн байдаг. Монголын орон нутаг, төв суурин газрын ажил албаны хүмүүсийн сайхан сэтгэлийн үр дүнд бид судалгаа, шинжилгээгээ маш амжилттай явуулсан гэдэг. Тэнд хэд хэдэн хүний нэр заасан. Тухайлбал сайд Бадамжавыг нэр цохож хэлсэн бий. Мөн нэр нь мэдэгдэхгүй олон сайн хүний тусаар энэ өндөр амжилтад хүрсэн гэж бичсэн байдаг. Тэгээд монголчуудыг “Уурладаггүй хүмүүс байх” гэжээ. Яагаад тэгэв гэхээр аяллын багийнханд цайны сүү өгөх гээд морьтой хүн ирж л дээ. Одоо ч тэгдэг шүү дээ. Гэтэл морь нь машинаас үргэж булгисаар сүүгээ цацаад, асгаад дуусчихдаг. Морь нь ч, өөрөө ч сүүнд будуулаад, авчирсан хамаг сүүгээ барчихсан хэрнээ ерөөсөө уурлахгүй, өөдөөс нь инээгээд буугаад ирэхэд монгол хүнийг уурладаггүй ёстой сайхан хүмүүс байдаг юм байна гэж бодсон тухайгаа бичсэн байдаг.

   Говь нутагт одоо ч зочломтгой, дайламтгай, нүүдэл тоссон сайхан чанар хэвээрээ бий. Зам дагаж хөгжил гэж ярьдаг. Аливаа юм нэг байтугай хэд хэдэн талтай. Хөгжил ч, хоцрогдол ч ирж л байна. Замаа дагаад зарим юм өөрчлөгдөж байгаа тал ажиглагдаж л байдаг юм. Тэр үеийн байгалийн онгон дагшин байдал ямар байсан, хулан, тахь, зээр, гөрөөс, цэцэг, ногоо, жимс, тэгээд палеонтологийн олдвор Монголын нутаг дэвсгэрийн өнцгөөс нь сөхөхөд л битүү дэвсээтэй байсан гэдэг нь сонин санагдсан. Олдворуудын талаар Эндрюс “Өдөр болгон шинэ нээлт. Өдөр болгон шинэ олдвор” гэсэн байдаг. Энэ говьд ирсэн цагаасаа яван явтлаа өдөр болгон олдвор олсон. Тэр нь нэг бус, төрөл бүрийн олдвор. Тийм ч учраас дуу алдаж хэлсэн байдаг. “Би Монголын говиос цуглуулгын диваажин олсон. Гэхдээ би хойч үеийнхэндээ судлах зүйл үлдээгээгүй бүгдийг нь хамсан биш ээ. Аливаа хүний судалгааны эрин үе богинохон тохиогоод өнгөрдөг. Энд бол зөвхөн судалгааны арга барилаа жаахан өөрчилчихөд болдог” гэж. Мөн өмнө нь хэн ч үзэж байгаагүй, оролдож байгаагүй Монголын эрдэнэсийн авдрыг цөм цохиж авсандаа нэг талдаа баяртай, нөгөө талдаа сэтгэл жаахан гундуу байна гэж бичсэн байдаг.

Энэ номыг уншаад палеонтологич залуус төрөөсэй

   Эндрюсийн номыг хүүхэд ахуйдаа уншаад палеонтологич болсон АНУ-ын эрдэмтэн Марк Норелл монгол хэвлэлийн өмнөх үгийг бичихдээ ингэж хэлсэн байдаг. Энэ бол үнэхээр тийм. Энэ номын ач холбогдлыг би ингэж л боддог. Сүүлийн үеийн хүүхэд залуус уншаасай гэж. Ялангуяа оюутан залуусаас дэлхий нийтэд Монголынхоо нэрийг гаргасан том том эрдэмтэд, Нобелийн шагналтан төрнө гэдэгт би эргэлздэггүй. Энэ цаг ойрхон гэж боддог. Оюутан залуучууд, судалгаа хийж буй хүмүүст “Эртний хүний мөрөөр” ном энэ замаар замнах гарын авлага болох нь зайлшгүй. Тэр залуучууд энэ номоос Эндрюс гэдэг хүн яаж амжилтад хүрэв, багаа яаж удирдав, хувь хүний зохион байгуулалт гэж ямар юм байдаг, шинжлэх ухаанд амжилт гаргахыг зорьсон хүн бодит нөхцөл байдлыг цаг алдалгүй хэрхэн зөв дүгнэдэг, төлөвлөлтөө яаж хийдэг гэх зэргийг олж мэднэ. Энэ зуун жилийн өмнөх юм, хоёр өөр нийгэм боловч арга барил бол хэзээ ч хуучрахгүй байх гэж би бодож байна.

   Энэ номыг манай гэрийнхэн бүгд уншсан. Манай хүүхдүүд палеонтологич болоогүй ч ажил мэргэжлээ сонгоод түүгээрээ явж байна. Би зөвхөн миний хүүхэд гэлгүй манай нутгаас нэртэй палеонтологчид гараасай гэж боддог. Говь нутаг, Гурвантэсээс уул уурхай ярьдаг хүмүүс биш харин палеонтологчид төрөөсэй, газар нутгийнхаа баялгийг зөвөөр уудлан ашиглаасай, үр дүнд нь аялал жуулчлал хөгжөөсэй гэх миний хүслийг энэ ном асаасан юм.

Экспедицийн тэмээн хөсгийн ахлагч, Р.Эндрюсийн бахархан дүгнэснээр бол үнэнч шударгын туйл, ямар ч цаг үед бүрэн найдаж болох, за гэвэл ёогүй монгол хүний төгс жишээ Мэрин. Гадаадын сэтгүүлээс өөрийнхөө тухай уншиж байгаа нь. Шавар усан дахь отог. 1925 он.

Гэрэл зургийн эх сурвалж: "Эртний хүний мөрөөр" ном.

Эндрюсийн эр зориг

   Монголыг зорихдоо Эндрюс хэн хүнд баймгүй их зориг гаргасан юм шиг санагддаг. Төв Азиас амьд бодгаль, хүн анх үүссэн гэх таамаглалд хөтлөгдөн нааш зориглон иржээ. Анхны зорилго нь палеонтологийн олдвор биш, хүн анх үүссэн газрыг олох явдал байж гэж би ойлгосон. Бөмбөрцгийн нөгөө талаас Төв Азийн тэгш өндөрлөг, эрс тэс уур амьсгалтай Монгол оронд ирээд амжилтад хүрнэ гэдэг хэн дуртай аавын хүүгийн хийдэг ажил огт биш шүү дээ. Яавал амжилтад хүрэх вэ гэдгээ маш сайн тооцоолж бодсон болов уу. 1870-1890-ээд оны хооронд Монголын говь нутагт гурван том экспедиц ирээд ганзага хоосон буцсан юм билээ. Оросын палеонтологичдын баг гэж би ойлгосон. Тэд яагаад хоосон буцав, шалтгаан нь юу байв гэдгийг мань хүн маш сайн олж харсан шиг байгаа юм. Тэр шалтгаан нь юу вэ гэхээр Монголын говь гэдэг маш хэцүү газар. Өвөл нь маш хүйтэн, зун нь халуу шатна, ундны ус бага, махнаас өөр хоол бараг байхгүй, айл таарахгүй, хүнтэй уулзахгүй, газар нутаг бартаатай, зам байхгүй ийм нөхцөлд хүн, байгаль хоёрын хооронд хүч тэнцвэргүй тулаан өрнөнө, энэ тулаанд амьд үлдэх тухай ярина уу гэхээс судалгаа шинжилгээ хийхтэй манатай юм болно, тийм учраас ингэнэ тэгнэ гэж нарийн төлөвлөж зохион байгуулсан тул ийм өндөр амжилтад хүрч гэж бодсон шүү.  

   Амжилтад хүрэхийн тулд юу хийсэн бэ гэхээр юуны өмнө чадварлаг баг бүрдүүлсэн. Мөн хөрөнгө мөнгө босгохоор АНУ-ын ард түмнээс хандив гуйхад 24 мужийн 240 гаруй хүн, өөр гурван улсын нэг нэг хүн мөнгө өгсөн байдаг. Энэ хөрөнгийг маш оновчтой зарцуулж, чадварлаг баг бүрдүүлэхийн тулд сонин сонин юм сэдсэн байдаг. Хүмүүс бас элдэв бусын санал тавьж очсон байдаг юм билээ. Зарим нь нисдэг тэргээр ирж уулзсан л гэнэ. Захидал гэхэд л хэдэн мянгаараа ирсэн. Захидалд дарагдаад толгой өндийх завгүй хэчнээн хоног ч билээ суусан гэдэг. Аль сайн гэсэн эрдэмтэн, эмч, жолооч, тогооч, засварчнаас авхуулаад сайн баг бүрдүүлнэ. Бүрдүүлээд, Монголд очихын тулд яах вэ гэхээр тэмээн болоод авто хөсөг ашиглах ёстой гэж үзсэн. Тэмээ говийн эрс тэс уур амьсгалд зохицсон амьтан, юу ч болж байсан тэсээд, даваад гарна гэдгийг олж харсан учраас мань эр тэмээ ашигласан юм болов уу гэж би бодсон. За тэгээд АНУ-аас шулуун дардан замаар давхиад ирчихгүй нь мэдээж. Замдаа таарах том, жижиг саад буюу дээрэмчинтэй таарах, машин эвдрэх, дугуй хагарах, тэмээ өлдөх, хөл нь холгохоос авхуулаад үй олон бэрхшээлийг тооцсоноор тэр бүгдийг даван туулж явсаар Монголд орж иржээ.

Ринчений Барсболдыг говийнхон андахгүй

   Энэ номын орчуулга маш гоё. Сэтгэлд буухаар дотно, ойлгомжтой, сайхан орчуулсан юм билээ. Эгэл бор амьдралын тухай англи хэлнээс ингэж орчуулна гэдэг амар биш байх. Над мэтийн малчин хүний сэтгэлд наалдацтай, америк хүн бичсэн гэж бодмооргүй сайхан орчуулга. Зүгээр л монгол хүн, монгол аялагчийн номыг уншиж байгаа юм шиг сэтгэгдэл төрсөн. Ингэтэл нь орчуулсан уу, эсвэл мань Эндрюс яг ингэж бичсэн үү? Бичсэн байж болно л доо. Өөрөө энэ амьдралд ирээд говь нутгаар аялаад, судлаад явсан хүн тэгж бичихэд гайхах зүйлгүй ч юм шиг. 

   Хянан тохиолдуулсан Р.Барсболд гуайг би мэднэ ээ. Ганц би ч биш, биднээс ахмад, 60-аас дээш настай говийн улс бол бүгд мэддэг. Сайн мэднэ. Би бол 1980-аад оноос хойш манай нутагт ирсэн Оросын хайгуулын ангийнхнийг гадарладаг юм. Зундаа ирээд буцдаг байлаа. Тэгэхэд Р.Барсболд гуай болон орчуулагч Нармандах гэдэг эгч ирдэг байсан. Монголын талаас бол энэ хоёр хүнийг гадарлана. Манай нутгийнхан, говийнхон ялгаагүй, бүгд мэднэ. Сүүлийн 10-20-иод жил, 1990-ээд оноос хойш нийгэм солигдоод оросууд ирдэг нь цөөрсөн. Дан монголчууд л ирж байна. Жуулчид их явна уу гэхээс биш яг хайгуул судалгааны ажил хийж явдаг улс ирэхээ бараг больсон. Бага хугацаагаар ирээд буцдаг байж магадгүй. Өмнө нь бол дулаарав уу, үгүй юу ирээд намар сэрүү унатал байдаг байв. Бүр тэрнээс өмнө бол орос, польш, монголчуудын хамтарсан экспедиц их ирдэг байсан гэдэг.

Сээр нуруутан амьтны палеонтологийн салбарын дээд шагнал Ромэр-Симпсоны медалийг 1987 оноос хойш өнөөг хүртэл нэг жилд нэг л хүн буюу нийт 37 хүн хүртсэний нэг нь энэ салбарын дэлхийн тэргүүлэх эрдэмтэн, Монголын палеонтологич Ринчений Барсболд юм.

Гэрэл зургийн эх сурвалж: www.worldfossilsociety.org

Дахиад жаахан явсан бол...

   Энэ ном бол хүний сэтгэлийг үнэнхүү хөдөлгөсөн, бүр нэг гайхашруулсан, хүсэн хүлээсэн, дараагийн хэсэг дээр яах бол, малтлага нь юу болох бол, одоо цаашаа яваад яах бол, нөгөө газраа яаж хүрэх бол гэсэн хүлээлт үүсгэдэг. Асуулт тавьж уншдаг ном. Нэг уншихаар, үлэг гүрвэлийн өндөг бөөнөөрөө олдоно гэдэг үнэхээр сонин ховор тохиолдол юм уу гэмээр. Нөгөө болохоор, үлэг гүрвэлийн өлгий газрын хэвлийд хаа сайгүй л байж байдаг юм болов уу ч гэж бодохоор. Нэг сонин санагдсан зүйл бол, судлаачдын нэг нь үлэг гүрвэлийн яс нэг газар бөөндөө байхыг олоод бүгдийг нь ухаж авах гэхэд Эндрюс “Одоо наадхаа орхи, боль” гэсэн. Энийг уншаад “Харин ч бүр цааш нь ухаад бүгдийг нь судлаасай, ямар сонин юм бэ?” гэж бодогдож билээ.

   Эндрюс Баянзагийг “Улалзах цонж бол үлэг гүрвэлийн үржлийн орон юм аа” гэж дуу алдсан байдаг. Энэ нь их сайхан санагдсан. Судлаач хүн тэр бүр ингэж хэлэх үү, үгүй юу. Их сайхан онож хэлжээ. Бөмбөрцгийн нөгөө талд байдаг хүн ирээд ингэж хэлж байхад хүн өөрийн газар нутгаа ингэж сайхнаар хэлдэг билүү ч гэж бодогдох шиг. Харь холын хүн тэгж хэлсэн нь надад их сайхан санагдсан.

   Энэ номыг уншиж байхад нэг талаас баярламаар, нөгөө талаас харамсмаар нэг зүйл байсан. Тэр нь юу вэ гэхээр Эндрюс одоогийн Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутаг Их Богдын нурууг давж өвөр бэл рүү нь орж ирчхээд “За одоо энэнээс цааш газар байхгүй” гээд буцаад явчихдаг. Тэр их сонин. Яагаад гэхээр Их Богдын өвөр бэлийг энгэрлээд зүүн тийшээ наран ургах зүгт жаахан л явсан бол эртний хүний өлгий Цагаан агуйн амаар яваад орчих байсныг үгүйсгэхгүй. Ердөө дэргэд нь ирээд эргэчихсэн. “Жаахан явчихгүй, яагаад буцчихав даа” гэсэн бодол надад төрж байлаа. Тэгээд бурхны заяа төөрөг ч гэдэг юм уу, нэг удаагийн аяллаар нэг хүн хоёр том нээлт хийнэ гэдэг заяа зам арай нийлээгүй юм уу даа. Тэр үед Эндрюс дэргэд байгаа юм шиг санагдаад, байсан бол түүн рүү хашхирмаар болж билээ. “Чи яагаад буцаж байгаа юм бэ, зүүн тийшээ жаахан явчхаач. Тэгвэл чи эртний хүний агуй руу орлоо шүү дээ” гэж хэлмээр санагдсан.

   Монгол улсын Засгийн газраас говь руу явах зөвшөөрлийг олгохдоо тавьсан санал нь надад маш сонин санагддаг. Нэг бодлын инээдтэй ч юм шиг, нөгөө талдаа их сонин. Монголын говиос олгой хорхой барьж ирээрэй гээд урт хайч, нүдний хамгаалалт хүртэл өгсөн юм билээ. Тэр үед Богд хаант засаг байсан гэхээр Богд олон амьтан тэжээдэг, сонирхдог учраас цуглуулгадаа нэмэх гэж захисан юм болов уу гэж би тааж боддог юм. Энэ номыг харах болгонд л олгой хорхой захиад хэрэг болох юмнууд өгч явуулсан нь нүдэнд харагдах шиг болно. Мөн тэмээн хөсгийн домогт ахлагч Мэрин гэдэг хүний дүр сэтгэлд маш тод үлдсэн. Тэр хүний зураг номд бий. Мэриний талаар Эндрюс нэлээн бичсэн байдаг.

“Үлэг гүрвэлийн үржлийн орон!” гэж Р.Эндрюсийн дуу алдсан Улалзах цонж буюу Баянзаг. Өмнөговь аймгийн Булган сум.

Гэрэл зургийн эх сурвалж: mn.wikipedia.org

Номоос олсон миний олз

   Маш олон хүний хөдөлмөр зүтгэлээр энэ том аялал бүтээд амжилтад хүрчээ. Эндрюс багийн ахлагч, удирдагчийн хувиар ч юм уу, ер нь миний сэтгэлд тод байна. Яагаад гэхээр энэ судалгаа шинжилгээний үйл явдал бол түүхэн нээлт. Учир нь, 1920-иод оны эхэнд Монголд дөнгөж хувьсгал мандаж байсан. Манжийн дарлалд олон жил болчихсон, гадаад талд Монголыг бараг мэдэхгүй. Монгол гэж улс хаана байдаг, юу хийдэг, ямар ахуй соёлтой улс байдаг вэ гэдгийг мэдэхгүй, нам гүм, тийм цаг үе. Тэгсэн чинь бөмбөрцгийн нөгөө бөөрнөөс баахан америк давхиж ирж судлаад, нээлт хийгээд Монголын, тэр дундаа говийн нэрийг дэлхийн палеонтологийн тавцанд асар өндөрт гаргаж ирсэн. Дэлхийн чих, нүдийг Монголын говь руу эргүүлсэн түүхэн чухал явдал. Эндрюс чинь Монголын говийг нээхээсээ гадна өөрийгөө нээсэн хүн юм гэж би боддог. Энэ нээлт түүнийг АНУ-ын том эрдэмтэн, хайгуулч гэж дэлхий дахинд зарласан.

   Энэ цаг мөчөөс хойш Монголын говиор гадаадын аялагч, судлаач, ялангуяа палеонтологийн олдвор сонирхдог улс ихээр ирдэг болсон юм уу гэж бодсон. 1940-өөд онд манай энэ Нэмэгтийн хөндийгөөс анх олдвор олдсон юм билээ. 2016 оны есдүгээр сард тэр газар Нэмэгтийн хөндийн олдвор олдсоны 70 жилийн ойн дурсгалын самбар босгоод явсан байдаг. Тэр нь манайхтай ойрхон. Үлэг гүрвэл олдсон тэр цав дотроо байдаг. Тэгээд бодоход Эндрюс явсан учраас л палеонтологчид хожим Монголоор их явж олон нээлт хийж гэж бодогддог. Манай Нэмэгтийн хөндий, баруун тийшээ Баянхонгорын алдартай газрууд тэгж нээгджээ гэж. Эндрюсийн судалгаа палеонтологиор зогсоогүй. Экологи, аж амьдрал, шашин гээд бүгдийг судалж, кино зураг авч, амьтны чихмэл хийж, соёлын биет болон биет бус өвүүдийг уудалж, ерөөсөө л тэр үед нээж судалж болох бүхнийг нээсэн. Монгол гэж ийм газар нутаг, байгалийн баялагтай, хүн ард нь ийм шашин соёлтой юм гэж дэлхий нийтэд байж болох бүх талаас нь гаргаж харуулжээ. Миний хувьд энэ номыг уншсанаар олсон олз нь юу байв гэхээр миний төсөөлж байснаас зуун жилийн өмнөх байгалийн гоо сайхан шал өөр байсныг мэдэж авсан. Мөн энэ сайхан газар нутагт төрж өсөөд овоглуулаад явж байгаа минь юу юунаас илүү том завшаан, олз юм гэдгийг ойлгосон доо. Тэгээд дэлхийд зартай ийм сайхан нутгаа аялал жуулчлал, хөдөө аж ахуйгаар хөгжүүлж, ухдаг биш ургадаг баялагтаа илүү төвлөрөөсэй гэж улам хүсэх боллоо.

Р.Эндрюсийн мөрөөр явж, одоо Ч.Өнөрдэлгэрийн нутаглан буй Нэмэгтийн хөндийгөөс 1946 онд Зөвлөлтийн эрдэмтэн И.Ефремовын олсон олон мянган ховор олдворын нэг, Цэрдийн галавын сүүл үеийн нугасан хошуут зауролофын яс. Одоо Москвагийн палеонтологийн музейд буй.

Гэрэл зургийн эх сурвалж: ru.wikipedia.org

Аяллын тэмдэглэлийг номын тэмдэглэл болгов

   Би номын тэмдэглэлийн уралдаануудад хааяа ордог. Ийм уралдаанд орж байгаа хүн бүр түрүүлэхийн төлөө явна, янз янзын л байрт орж үзсэн. Шагналт байрт орж, түрүүлж, хоосон хоцорч ч байлаа. Би “Номын тухай буу халъя”, “Book and Travel” гэдэг хоёр бүлгэмд явдаг. Өнгөрсөн хавар “Номын тухай буу халъя” бүлгэмийн таван жилийн ой болсон юм. Энэ ойд зориулж номын тэмдэглэлийн уралдаан зарлахад “Эртний хүний мөрөөр” номын тэмдэглэл бичиж оролцоод гуравдугаар байр эзэлсэн. Энэ уралдаанд ном, зохиолч заагаагүй, дуртай номынхоо тэмдэглэлийг бичээрэй гэсэн юм.

   Би номыг тэмдэглэл хөтөлж ч уншина, хөтлөхгүй ч уншина. Ер нь бол тэмдэглэж байсан нь зөв юм гэж бодсон. Тэнд хэрэгтэй тоо баримт, мэдээ сэлт, сонин содон, санаанд оромгүй зүйл байна. Тэр болгоныг тэмдэглээд бичиж авмаар санагддаг. Харин номон дээр огт тэмдэглэдэггүй. Би номон дээр эрээчиж сараачих, номыг ямар нэг байдлаар үрэн таран хийхийн эсрэг байдаг хүн. Түүний оронд дэвтэр, үзгээ аваад тэмдэглэдэг.

   Уралдаанд орж миний эзэлсэн байр гэвэл Ч.Галсан гуайн “Аянгат цагийн тууж” гуравдугаар байр, “Хөх тэнгэр сонсож бай” тусгай байр, Б.Наминчимэдийн “Цагаан бороо” номын тэмдэглэлийн уралдаанд тусгай байр эзэлсэн. Мөн “Nojo Publishing” өнгөрсөн жил сар бүр уралдаан зарлахад янз бүрийн байр эзлэв. Номын дэлгүүрүүд уралдаан их зарладаг, тэрэнд бас орно. Ноднин “Book Market” номын дэлгүүр “Нэг хүн - Нэг ном” сарын аян өрнүүлээд уралдаан зарлахад түрүүлж арав гаруй ном авсан юм. Тэгээд номыг тэмдэглэл хөтөлж л уншвал зүгээр юм байна гэж бодсон. Тийм болохоор уншдаг хүмүүст, тэмдэглэл бичвэл эргээд уншихад сайхан шүү гэж хэлье. Номын тэмдэглэл бичих уралдаанд ороод байр эзэлбэл шагналд нь ном ирдэг, гоё. Наад зах нь арван номтой болно. Ноднин би тэмцээнээс их олон ном цуглуулжээ. Бараг 40-50 номтой болсон гэхээр тэмцээнд сайн орсон байна. Ер нь номын уралдаанд орж, өөрөө худалдаж авахаас гадна хүмүүс надад бэлэглэх нь их болж. Сугалаанаас ном хожих үе ч байна. Номыг араас нь хөөж олдог нэг үе байхад ном өөрөө унших хүн рүүгээ ирдэг үе бас байдаг юм байна гэж сүүлийн үед бодох боллоо.

   Ноднин миний бичсэн тэмдэглэлийг үзээд “Гоё бичжээ. Номыг нь уншчихсан юм шиг боллоо. Авч уншина шүү” гэсэн хүмүүс байсан. Ер нь ном уншдаг хүмүүс бусдыг бас өөр шигээ боддог байх. “Ийм шинэ ном ирлээ, авлаа, энэ номд манай нутгийн тухай гарч” гэж нэгэндээ хэлдэг. Хүн ер нь өөрийнхөө сонирхдог юмыг түгээх, үзүүлж харуулахын төлөө нэг нэгэндээ хэлж ярилгүй яах вэ. Энэ номын талаар ярилцсан хүмүүс ч бас байна. “Номын тухай буу халъя” бүлгэм номын тэмдэглэлээс гадна илтгэлийн уралдаан зарласанд П.Өнөрбаатар эгч орсон. Тэгэхдээ “Эртний хүний мөрөөр” номоор илтгэл бичиж, би тэмдэглэл бичсэн юм. Би эхлээд эгчид “Би ерөөсөө Эндрюсийн номоор тэмдэглэл бичиж уралдаанд оръё” гэсэн юм. Тэгэхэд “Чи юу ярьж байгаа юм. Наадах чинь өөрөө тэмдэглэл. Тэмдэглэлээр тэмдэглэл бичнэ гэж юу байх вэ, хэцүү ажил” гэсэн. Тэгэхээр нь ийм олон жил ном уншсан настай хүн хэлж байна, нээрэн тийм ч юм уу гэж бодлоо. Тэгээд яагаад биччихмээр санагдсан гэхээр Монгол улсыг гадаадад мэдэхгүй, тоохгүй байхад дэлхийн палеонтологийн тавцанд асар өндөрт гаргаад ирсэн ийм хүнийг бичихгүй байж боломгүй санагдаад сэтгэл шулуудсан. Бичсэний дараа П.Өнөрбаатар эгч “Чи ёстой дажгүй бичсэн байна шүү. Би бичсэн бол чамайг гүйцэхгүй юм байна” гэж билээ. Бид хоёр бол энэ номын талаар санал нийлж нэлээн ярьсан. Өөр номын талаар ч ярьж л байдаг л даа.

Сонины хорхойтноос номын хорхойтон болсон минь

   Би 1989 онд наймдугаар анги төгсөөд хөдөө илгээлтээр малчин болж гарсан. Огт уншдаггүйг бодоход ном таарвал уншчихдаг, хааяа нэг дэлгүүрээс авч уншдаг байлаа. Тэгээд нийгэм өөрчлөгдөөд 1994-1995 оноос шар, бор хэвлэл Монгол даяар гардаг болсон. Аймгуудын сонинтой нийлүүлээд тэр хэвлэлүүдийг бүгдийг захиалдаг байлаа. Дотор нь авах ч юм бий, хаях ч юм бий. Хөдөөнөөс сумын төв рүү туж очоод байж чадахгүй. Нэг, хоёр сардаа ганц очно. Гялгар тор байдаггүй байсан юм байлгүй, гурилын уутыг голоор нь хуваагаад тор хийчихсэн байдаг, түүгээр дүүрэн хэвлэл гэртээ авчирдаг байлаа. Авчирсан хэвлэлийг маань биднээс гадна ойр хавийн айлууд авч уншина. Захиалсан хэвлэлүүд дотор “Хонгорзул” гэж сонин байдаг, богино өгүүллэг, шүлэг, хүмүүсийн хоорондын захидал гарна. Тэрийг нь унших гэж маш их шимтдэг, тасралтгүй захиалдаг байв. Өнөөдөр бол би ганц “Хүмүүн бичиг” сониныг захиалан уншиж байна.

   Харин 2010 оноос хойш номыг эрчимтэй цуглуулж уншиж байна. Би малын гаралтай түүхий эдээр гар урлалын бүтээгдэхүүн хийдэг хүн. Түүгээрээ сум, аймаг, улсын чанартай наадмуудад оролцдог. Гар хоосон буцна ч гэж байдаггүй. Шагналт байр, тэргүүн, “Гран при” гээд янз янзын шагнал авна. Шагналд их, бага хэмжээний бэлэн мөнгө ирдэг. Тэр мөнгөө идэж уух юм, хувцас хунар аваад үрчихмээргүй санагддаг байлаа. Тэгээд дурсгалтай зүйл авъя гээд эхэндээ тэмдэглэлийн дэвтэр, үзэг хоёр аваад байв. Тэгсэн бас үлддэггүй эд юм байж. Юм бичээд дуусдаг юм байна. Тэгээд үлдэх юм юу вэ гэсэн чинь ном л юм байна гэж бодоод шагнал бүрээсээ 1-2 ном авдаг байсан. Сүүлдээ бүр заавал уралдаан, тэмцээн гэхгүйгээр ном авах сонирхол, шаардлага гарвал хаанаас ч гэсэн авдаг болсон. Энэ мэтээр л би ном уншдаг, цуглуулдаг болсон юм даа.

Малчин Ч.Өнөрдэлгэрийн ямаан сүрэг. Өнөөдөр.

Миний номын сан

   Гэрийнхээ номын санд хэдэн ном байгааг би тоолоогүй. Цуглуулж эхэлж байхдаа тоолдог байлаа. Ойролцоогоор 300-400 ном лав бий байх. Сум орон нутгаас ч юм уу, хүмүүс айл хэсээд манайд ирэхээрээ “Хөдөөний айлд байдаггүй нэг юм танайд байдаг юм байна” гэдэг юм. Манай гэрийн номын санд оюутан хүүхдийн маань уншдаг, ялангуяа хувь хүний хөгжлийн ном байна. Англи хэлний мэргэжлийн ном байна. Бидний уншдаг гэвэл түүхийн болон түрүү үеийн буюу алтан үеийн зохиолчдын “Халуун салхи”, “Харуул Алтай”, “Элс цас” зэрэг ном, С.Дашдооров, Л.Түдэвийн зохиолууд байна.

   Эхэндээ цөөхөн номтой байхдаа авдар дээрээ тавиурт тавьдаг байсан. Сүүлдээ багтахаа болихоор нь барааны бор хайрцагны амыг нааш нь харуулаад давхарлаад тавьчихсан чинь сервант шиг хөөрхөн болсон. Одоо тэнд 7-8 хайрцаг ном байна. Хүмүүс “Нүүж сууж байдаг айлд ёстой болдог арга байна” гэдэг юм. Нүүхдээ амыг нь нугалж скочоор наагаад л ачаад явчихна даа.

   Надад ном уншдаг тусгай цаг гэж байхгүй. Байгаль, цаг уурын эрхшээл дор амьдардаг, цаг наргүй малчин хүн ийм л байдаг. Малдаа явахдаа ямар ч байсан номоо аваад явна. Унших боломж гарах ч өдөр бий, гарахгүй өдөр ч байна. За тэгээд гэрийнхээ ажлыг хийж байх завсар хооронд л уншина даа. Түүнээс биш яг нэг тухтай суугаад 30 минут уншчихна гэхгүй. Боломжийг л ашиглана. Тэр цагийг өөрөө өөртөө л гаргана. Ажлын хуваарьт цаг шиг тэдэн цагт ажлаа амжуулчхаад төдийд нь уншина гэх юм байхгүй. Хүн ер нь номыг уншъя гэсэн хүсэлтэй л бол уншина. Тийм хүсэлгүй хүнд бол цаг гарахгүй дээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.