Япон улсын ерөнхий сайд агсан Абэ Шинзогийн гэргий Монгол улсад айлчилж байна
Анд нөхдийн мэдээ
2025-05-23
Япон улсын ерөнхий сайд агсан Абэ Шинзогийн гэргий Абэ Акиэ Монгол улсад айлчилж байна. Тэрбээр өчигдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай уулзсан бөгөөд УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран зохион байгуулж буй “Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалтад оролцон үг хэлжээ. Монгол улсын 330 сум, Улаанбаатар хотын 9 дүүргийн төлөөлөл 800 гаруй эмэгтэй оролцсон энэ уулзалтад хэлсэн үгэндээ Абэ Акиэ “Миний бие 2013, 2015 онуудад нөхрийнхөө хамт танай улсад ирж, Монголын цэлмэг тэнгэр, элэгсэг ард түмний халуун дулаан сэтгэлтэй танилцсан билээ. 2013 онд нөхөртэйгөө хамт ширтсэн тэр их одод түгсэн тэнгэр өнөөг хүртэл сэтгэлд минь тодхон байдаг. Энэ удаад, арван жилийн дараа таатай дурсамж дүүрэн Монгол улсад дахин ирэх боломж олдлоо” хэмээн хэлсэн байна. Эдүгээ 62 настай Абэ Акиэ Японы нийгмийн хөгжлийг дэмжих сангийн тэргүүнээр ажилладаг бөгөөд өнгөрсөн онд гадаад улсын нийгмийн зүтгэлтнүүдээс АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсан анхны хүмүүсийн нэг болж байв. 12 дугаар сард тэрбээр Д.Трамп, түүний гэргий М.Трамп нартай Флоридагийн Мар-А-Лаго дахь тэдний эдлэнд үдийн зоог барьсан билээ.
Япон улсын 63 дахь ерөнхий сайд Абэ Шинзо Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаанд онцгой анхаардаг байсан бөгөөд манай улсад гурван удаа айлчилсан Японы цорын ганц ерөнхий сайд юм. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Абэ Акиэг хүлээн авч уулзахдаа “Түүний манай улсын хөгжилд оруулсан хувь нэмэр, гавьяа зүтгэлийг Монголын ард түмэн үүрд дурсан санана” хэмээн онцлон тэмдэглэсэн байна. Хатагтай Абэ Акиэ хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмрээ цаашид ч оруулна гэдэгтээ итгэлтэй байгаагаа уулзалтын үеэр илэрхийлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.