images

D витамины дутагдлаас болж яс нь хугарчээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-05-23


   Нарны гэрлээс ямагт зайлсхийдэг зуршилтай хятад эмэгтэй D витамины дутагдлаас болж яс нь хугарсан тухай “South China Morning Post” сонин мэдээлэв. Тодруулбал, Хятадын Сычуань мужийн Чэндү хотод амьдардаг 48 настай А саяхан унтаж байхдаа байрлалаа солин хөрвөөсөнд яс нь хугарчээ. Одоо эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт эмчлүүлж буй түүний талаар эмчийн ярьсан түүх олны анхаарлыг татаж байна. Эмчлэгч эмчийн хэлснээр А нь багаасаа нарны гэрэлд гарах дургүй, богино ханцуйтай хувцас өмсдөггүй, үргэлж нарнаас хамгаалах тос түрхэж, нүүрээ битүүлж явдаг байжээ. Эмнэлгийн шинжилгээний хариугаар түүний цусан дахь D витамины агууламж ердөө 7.8 ng/㎖ байсан бөгөөд энэ нь 20-50 ng/ байх ёстой ердийн хэмжээнээс хамаагүй бага үзүүлэлт төдийгүй хүнд хэлбэрийн ясны сийрэгжилттэй болсон гэсэн үг юм. Нарны гэрэл нь ясны эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай, кальцийг шингээхэд тусалдаг D витамины нийлэгжилтэнд гол үүрэг гүйцэтгэдэг. Биеэ нарны гэрэл үзүүлэхгүй байх нь яс сийрэгжих, сулрах, дархлаа муудах зэргээр эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг аж. Ялангуяа эмэгтэйчүүд нарны туяанаас хамгаалж өргөн хүрээтэй малгай, бээлий өмсөх, маск зүүх, нүүрээ битүүлэх зэрэг нь тийм сайн арга биш гэдгийг мэргэжлийн эмч зөвлөсөн байна. Тухайлбал, Гуанжоугийн Анагаах ухааны их сургуулийн эмч Жан Шяобин "Сүүлийн үед хүмүүс нарны туяанаас хамгаалах гэж толгойноосоо хөлөө хүртэл битүүлдэг нь эрүүл мэндэд муу" гэжээ. Хүний биеийн бүх яс 10 жил тутамд шинэчлэгддэг ч 30 наснаас хойш ясны нягтрал жилд 0.5-1 хувиар буурч эхэлдэг. Кальцийн хангалтгүй хэрэглээ, нарны гэрэлд гарахгүй байх, D витамины дутагдал зэрэг нь кальцийг шингээхэд саад болдог ажээ. Ялангуяа цэвэршилтийн насны эмэгтэйчүүд хангалттай кальци хэрэглэж, тогтмол дасгал хийж, тамхи, архины хэрэглээгээ багасгаж, өдөрт хоёроос цөөн лааз шар айраг ууж байхыг зөвлөсөн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.