Хятад, Орос улсыг холбосон дүүжин тээврийн зам ашиглалтад орно

Хятад, Орос улсыг холбосон дүүжин тээврийн зам ашиглалтад орно


   Хятадын Хармөрөн мужийн Хэйхэ хот, Оросын Благовещенск хотыг холбосон дүүжин тээврийн зам Хятадын улсын чанарын шалгалтад тэнцсэнээр ашиглалтад ороход бэлэн болсон талаар "Хармөрний өдөр" сонин мэдээлэв. Тодруулбал, тус хотуудын дундуур урсдаг Амар голын дээгүүр 976 метр урттай зорчигч тээврийн дүүжин зам тавьжээ. Ийнхүү гол дамнасан шинэ боомт нээснээр хот хооронд зорчих боломж нэмэгдэж, хоёр орны иргэд хоорондын харилцаа, аялал жуулчлал болон хил орчмын худалдаа хөгжинө гэж үзсэн байна. Мөн хэдийнэ Оросын иргэд Хэйхэ хот руу өглөөний цай уух, худалдаа хийх, шүдний эмчилгээ болон бусад эмнэлгийн үйлчилгээ авах зорилгоор тогтмол зорчдог болсон бөгөөд богино хугацааны ийм аялалд виз шаарддаггүй тул тэдний зорчих боломжийг нэмэгдүүлж байгаа нь энэ аж. Тэгвэл тус дүүжин тээврийн хурд секундэд 12 метр бөгөөд нэг тал руу зорчих хугацаа нь хоёр минут орчим байх юм. Түүнчлэн нэг бүхээгт 110 зорчигч суух багтаамжтай. Хэрэв энэ хүчин чадлаараа ажиллавал жилд 2.5 сая зорчигч тээвэрлэх тооцоо гарчээ. Дүүжин тээврийг хэзээ ашиглалтад оруулахыг албан ёсоор зарлаагүй байгаа ч дэлхийн анхны олон улсын хил дамнасан дүүжин тээврийн зам болно.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.