Ерөнхий сайд Н.Учрал Японд айлчлахдаа “Чингис хаан” онгоцны буудлыг өргөтгөх асуудлыг хэлэлцэнэ

Ерөнхий сайд Н.Учрал Японд айлчлахдаа “Чингис хаан” онгоцны буудлыг өргөтгөх асуудлыг хэлэлцэнэ


   Монгол улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд Такаичи Санаэгийн урилгаар энэ есдүгээр сарын 27-30-нд тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэ нь Ерөнхий сайд Н.Учралын гадаад улсад хийж буй албан ёсны анхны айлчлал юм. Монголын талаас мэдээлснээр, уг айлчлалын үеэр хоёр Ерөнхий сайд албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын “хүн төвтэй”  харилцаа, хамтын ажиллагааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн түвшинд бүхий л чиглэлд өргөжүүлэн гүнзгийрүүлэх болон бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцох аж. Мөн Японы Парламентын зөвлөхүүдийн болон Төлөөлөгчдийн танхимын дарга нарт Н.Учрал тус тус бараалхахаас гадна Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО)-ын удирдлага, Япон, Монголын Эдийн засгийн хороо болон бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзахаар төлөвлөснийг манай талаас мэдээлсэн юм. Харин Японы Засгийн газар албан ёсны мэдэгдэлдээ "Энэ айлчлал эрх чөлөө, ардчилал, хууль дээдлэх ёс зэрэг үнэт зүйл, зарчмыг хуваалцдаг, бүс нутгийн чухал түнш болох Монгол улстай байгуулсан “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг цаашид улам бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна" гэв. Мөн хоёр улсын ерөнхий сайд уулзахдаа татварын гэрээ байгуулах болон иений зээлийн тусламжаар “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх асуудлаар санал солилцох бөгөөд энэ уулзалтыг мягмар гарагт хийхийг мэдээллээ. Сонирхуулахад, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой ирэх онд тохионо. Мөн Японы хувьд Энэтхэг-Номхон далайн бүсэд өргөжиж буй Хятадын цэргийн нөлөө, ОХУ-ын Украинд хийж буй дайн болон Монгол улсын Хойд Солонгостой тогтоосон найрсаг харилцааны улмаас манай улстай хамтын ажиллагаагаа улам бататгах сонирхолтой байгаа аж.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.