images

Хятад улс гадаадад ажиллаж байгаа залуу эрдэмтдээ урин дуудаж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-04-01


   АНУ-ын Ренсилэр их сургуульд профессороор ажиллаж байсан эмийн чиглэлийн хиймэл оюун ухааны мэргэжилтэн, доктор Фу Тянфан энэ жилээс Хятадын Нанжин их сургуульд эргэж ирсэн байна. Тэрбээр хиймэл оюун ухаан ашиглан шинэ эм бүтээдэг ирээдүйтэй залуу эрдэмтэн гэж үнэлэгдэг бөгөөд нутагтаа эргэж ирсэн тухайгаа “South China Morning Post” сонинд өгсөн ярилцлагадаа "БНХАУ-ын Засгийн газраас дээд боловсролд онцгойлон анхаарч, хөрөнгө оруулалт хийж байгаа нь залуу эрдэмтдэд урьд өмнө байгаагүй боломж олгож байна" гэжээ. Мөн АНУ-ын “Microsoft” болон IBM зэрэг технологийн томоохон компаниудад хиймэл оюун ухаан судлаачаар ажиллаж байсан Флоридагийн их сургуулийн профессор Ци Гуожүн мөн эх орондоо эргэж ирээд Ханжоу хотын Шиху их сургуулийн хиймэл оюун ухаан, сургалт судалгааны хүрээлэнгийн захирлаар томилогдсон байна. 2008 оноос хойш “Google” компанид ажилласан хиймэл оюуны мэргэжилтэн Ву Ёнхуй Хятадын “ByteDance” компанийн дэд захирлаар томилогджээ. Түүнчлэн “Apple” компанид өндөр хүчин чадалтай CPU-ийн дизайныг хариуцаж байсан доктор Ван Хуанвэй саяхнаас Хятадын Хуажун шинжлэх ухаан, технологийн их сургуульд профессороор ажиллах болсон байна. Өмнө нь Хятадын залуу эрдэмтэд, инженерүүд Барууны орнуудыг зорьдог байсан бол одоо эх орон  руугаа тэмүүлэх болжээ.  Хятад улс ч залуу авьяастнуудаа татахын тулд урьд өмнө байгаагүй таатай нөхцөл санал болгож байгаа бөгөөд тухайлбал, гадаадад докторын зэрэг хамгаалсан судлаачид эх орондоо буцаж ирээд 3-аас дээш жил профессороор ажиллавал 9 сая юанийн судалгааны тэтгэлэг, жилийн 750 мянган юанийн цалин олгохоо амлаж байна. Тус улсын Засгийн газар 2017 онд “Шинэ үеийн хиймэл оюун ухааны хөгжлийн төлөвлөгөө” баталсны эхний үр дүн энэ юм. Хятадын Боловсролын яамны тоо баримтаас үзвэл, 2015 онд жилд 400 мянган оюутан гадаадад сургууль дүүргээд нутагтаа эргэж ирдэг байсан бол 2024 оны байдлаар энэ тоо нэг сая гаруй болж өссөн бөгөөд тэдний 40 гаруй хувь нь шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, хиймэл оюуны мэргэжилтнүүд ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.