images

Каннын кино наадмын шагналт Ираны найруулагч Жафар Панахи гэж хэн бэ?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-05-27


   Өнгөрсөн 24-ний өдөр хаалтаа хийсэн Каннын 78 дахь удаагийн кино наадмаас "Алтан дал мод" дээд шагнал хүртсэн Ираны тэрс үзэлтэн, кино найруулагч Жафар Панахи шагналаа авсныхаа дараа өгсөн ярилцлагадаа эх орондоо буцаж очихоосоо айхгүй байна гэдгээ хэлсэн байна. Тэрбээр "Би энэ шагналыг авсан ч, аваагүй ч эх орондоо буцаж очих л болно. Одоо бол юунаас ч айхгүй байна” гэжээ. Тэрбээр энэ тухай онцлон ярих болсон шалтгаан нь Иранд түүнийг хууль бусаар кино хийж, ёс бус контент бүтээсэн гэмт хэрэгтэн гэж үздэг явдал юм. Иранд кино бүтээж дэлгэцэнд гаргахад эрх баригчдаас урьдчилан зөвшөөрөл авах шаардлагатай байдаг хэдий ч Ираны Засгийн газрын харгислал, авлигын тухай өгүүлсэн “It Was Just an Accident” хэмээх киногоо тэрбээр нууцаар, зөвшөөрөл авахгүйгээр бүтээж Каннын наадмын шагналыг хүртсэн байна. Зөвшөөрөл олгох эсэхийг Ираны Соёл, исламын удирдлагын яам тогтоодог бөгөөд бүтээлийн агуулга нь исламын үнэт зүйлс, үндэсний ашиг сонирхолд нийцэж байгаа эсэхээр шалгуур тавьж шийдвэрлэдэг журамтай. Гэхдээ тодорхой заасан стандарт байхгүй учраас тогтолцоог шүүмжилсэн, эмэгтэйчүүд хижаб өмсөөгүй байх, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үерхэл нөхөрлөл зэрэг энгийн зүйлсийг янз бүрийн шалтгаан тоочиж цензурддэг ажээ. Тус улсын Үндсэн хуулийн 24 дүгээр зүйлд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулсан боловч исламын шашны үндсэн зарчмын эсрэг чиглэсэн аливаа үйлдэлд тус заалт хамаардаггүй. Францын Гадаад хэргийн сайд Жан-Ноэль Барро олон нийтийн сүлжээнд найруулагч Ж.Панахигийн бүтээлийг "Дэлхийн даяарх эрх чөлөөний төлөө тэмцэгчдэд итгэл найдвар төрүүлсэн бүтээл" хэмээн үнэлсэн явдлыг Тегеран "Ираны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон, хариуцлагагүй, өдөөн хатгасан үйлдэл" хэмээн эсэргүүцэл илэрхийлсэн байна. Ж.Панахи нь 2010 онд Засгийн газрын эсрэг жагсаалд оролцож, дэглэмийн эсрэг суртал ухуулга хийхийг оролдсон хэргээр баривчлагдан зургаан жилийн хорих ял авсан төдийгүй уран бүтээл хийх, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөх эрхээ 20 жилээр хасуулсан билээ. Олон улсын соёл урлаг, хүний эрхийн байгууллагуудын эсэргүүцэл, шаардлагын ачаар түүнийг хоёр сарын дараа суллаж, гэрийн хорионд оруулсан байна. Тэрбээр гэртээ гар утсаараа кино бүтээж, зөөврийн USB төхөөрөмжид хуулбарлан нууцаар гадагш гаргаж, олон улсын кино наадамд оролцуулж байжээ. Гэрийн хорионоос суллагдсаныхаа дараа 2015 онд таксины жолооч хийж байхдаа мөн л жижиг камераар уран бүтээлээ хийсээр байв. Түүнийг зургаан жилийн ялаа бүрэн эдлээгүй гэх үндэслэлээр 2022 онд дахин хориход эсэргүүцэл илэрхийлэн өлсгөлөн зарлаж, батлан ​​даалтад гарсан  байна. Өмнө нь Ираны кино, уран бүтээлийн шалгуур одоогийнх шиг хатуу байгаагүй юм. 1990-ээд онд Ираны найруулагч нар олон улсын кино наадмаас олон шагнал хүртэж байлаа. Харин 2000-аад онд хатуу үзэлтэй консерваторууд засгийн эрхийг авснаас хойш урлагт тавих хяналт улам хатуу болжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.