images

Эсгий урлаач С.Цэрэнсамбуу: Хонины ноосоор ямар ч хувцсыг цэвэрхэн хийж болно

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2022-11-18


Завханы Улиастайн уугуул, эсгий урлаач Самандбазарын Цэрэнсамбуутай ярилцлаа. Тэрбээр орон нутагтаа уламжлалт аргаар хонины ноосыг боловсруулж, орчин үеийн хэвд оруулан эсгий бүтээгдэхүүний үйлдвэрлэл олон жил эрхэлж байгаа ажээ. Өнгөрсөн зунНүүдэлчин Монгол” дэлхийн соёлын фестивальд өөрийн урласан эсгий урлал, дээл хувцсаар оролцож байх үеэр нь тааралдаж, ийн ярилцсан юм.

     Би Завхан аймгийн Улиастай нутгийнх. Манай ээж аав эсгийг мориор татаж хийдэг жирийн л малчин хүмүүс. Найман сарын дунд болохоор сайн өдөр харж байгаад л энэ ажлаа товлоно. Дангаараа нэг айл эсгий хийхэд хүч хүрдэггүй учраас айл хотлоороо бөөгнөрч хүч хавсарна. Эхлээд эсгий хийхдээ ноосоо зулчихаад дараа нь услаад эсгийгээ чирч нягтруулдаг. Би тэр үеийг андахгүй үүрэгтэй юм шиг аав ээждээ гүйж очоод усыг зөөж өгнө. Бага байхад ажил оноож өгөхөд дуртай хэнхэг хүүхэд байлаа. Аль болох цэнгэг ус хэрэглэх ёстой учраас худаг руу явна. Нуурын ус эсгийг шарлуулдаг гээд тийш зүглэхгүй.

     Манайх ам бүл дөрөв. Дээрээ ганц эгчтэй, насаараа ахуйн үйлчилгээнд оёдолчин хийсэн хүн бий. Ээж минь гэхэд монгол гутал цэмбийтэл нь оёчихдог хүн байсан. Хэнд ч таарахгүй улыг надад цагаан давуу зүүтэй бариулаад өөрийг нь дуурайлгаж оёж хатгахыг заана. Эцэг эхээс багад сурсан эгч бид хоёрын амьдралын замыг хөтөлсөн байх гэж боддог доо.

     Дунд сургуульд сурч байхдаа ахуй үйлчилгээний төв дээр очиж эгчийгээ дагаж товчны нүх хэрж, ойр зуурын хувцас индүүдэж, зөөлөн оёдол хийдэг байв. Гар ч зүгширч овоо эв дүйтэй болж ирээд янз бүрийн юм хийж сонирхоно. Эсгийг яаж чанартай уламжлалт аргаараа боловсруулж хийдгийг аав ээжээсээ харсан болохоор ерөөсөө л энүүгээр юм хийе гэж бодогдоод болохгүй. Нэгэнт би өв соёлоо үргэлжлүүлэн ээж аавыгаа дурсах зүйлтэй болохыг хүссэн маань ч нөлөөлсөн. Эсгийгээр төрөл бүрийн юм хийх гэж оролдож эхлэв. Нэг л болж өгөхгүй. Хэт зузаадаж, хэрэглэхэд тааламжгүй ноос нь хэсэг хэсгээрээ унаад л байлаа. Будилж явсаар сая нэг арга олж байгаа юм. Ноосоор эсгий хийхдээ сайн боловсруулахгүй бол хялгас ихтэй болчихдог. Тиймээс Улаанбаатар хотод самнагч машинаар самнуулаад авчирдаг. Эсгийн доороо марль тавиад нимгэн зулаад халуун усаар шавшиж, илж сайтар хуйлж барьцалдуулаад үслэг даавуу шиг болчихдог. Саван түрхээд дараа нь угааж гаргаад хатаасны дараа юу ч хийхэд бэлэн болно. Гоё эсгийгээр хийсэн олбог ч ай мөн сайхан шүү дээ. Үндсэндээ цаг үеэ дагаад эсгий боловсруулах аргаа хөгжүүлэх хэрэгтэй байсан юм билээ. Орчин үед үйлдвэрийн аргаар зунгагаас нь салган цэвэрлэж угаасан ноосоор эсгий хийдэг бол би материалаа өөрөө бүтээж, хийхийг эрмэлздэг. Тэр ч хувцас хийхэд төвөггүй, яг л пальтоны материал шиг болчихно. Туршаад хүүхдийн пальто ч хийж байлаа. Монголчууд эсгий хувцас өмсчхөөд яаж угаах юм бол, халуунд өмсөхөд тохиромжгүй юм гэж ярьцгаадаг. Хонины ноос нарны илчийг дотогш нэвтрүүлдэггүй учраас халууцахгүй. Магадгүй халуунд дан цамцтай явж байгаа хүмүүс халууцаж явааг үгүйсгэхгүй. Гэхдээ эсгийгээр хийсэн хувцас эсрэгээрээ. 2018 онд монголд наадам үзэх гэж ирсэн нэг гаднын жуулчин эсгий тоорцог өмсөөд хүй долоо худагт өдөржин явсан гэж байгаа юм.

     Одоо би эсгийгээр 20-иод төрлийн эдлэл хийдэг. Дан ганц оймс, гутлаас гадна бүрэн цогц хувцас гээд хийхгүй юм байхгүй болсон. Орчин цагийн загварын дээл, хантааз малгайг хийхэд асуудалгүй. Хийсэн нь ч байна. Хонины ноос нэхий ямар ч үнэ цэнгүй хаягдаж буй энэ цагт ямар ч хувцсыг гоё цэвэрхэн хийж чадвал миний хүүхдүүдийн хувцас болдог юм шүү л гэдгийг л харж үзээсэй гэж хүсэж байна даа. Малчин айлын хүүхэд учраас малынхаа ноос үсийг ашиглахгүй байхын аргагүй байж дээ. Энэ жил би 60 нас хүрч байна. Хөгшин гэхээр хөгшин гэж болдоггүй. Залуу гээд гүрийгээд байхаар ядарчих гээд байх юм. Гэхдээ сайн суугаад хийвэл нэг олбог, хүүхдийн оймс нэг өдөрт гараасаа гаргаад л сууж байна даа.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.