Дорноговь: “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжиг анх удаа тоглов
Хөдөөгийн баясгалан
2023-07-28
Дорноговь аймгийн Сайншанд сумын цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр Говийн ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойд зориулсан "Тэнгэрийн хутагт" бүжгэн жүжгийг тоглолоо. Тус аймагт тоглож буй анхны бүжгэн жүжгийн цомнолыг СГЗ Л.Эрдэнэбат, хөгжмийг Ш.Өлзийбаяр бичиж, бүжгийг нь Үндэсний урлагийн их театрын балетмастер Х.Хашхүү дэглэжээ. Энэ талаар СУИС-ийн багш, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяраас тодрууллаа.
- Говийн ноён хутагтын 220 жилийн ойд зориулж бүжгэн жүжиг хийх санааг хэзээ гаргаж, хэр хугацаанд бэлдсэн бэ?
-Тэмүжиний тухай жүжигчилсэн тоглолт, туг өргөөд наадмын талбайг мориор тойрох гээд наадам бүрийн нээлт бараг ижил байдаг. Харин бид тийм маягаар жирийн хийх бус томоохон хэмжээний сонгодог уран бүтээл хийхийг зорилоо. Энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн санаагаа ярьж тав, зургадугаар сард цомнол, хөгжим зохиох, бүжиг дэглэх ажилдаа орцгоосон доо. Бүжиг дэглэж байгаа, хөгжим бичиж байгаа хоёр уулзалдаж амжихгүй шахам явсаар сар гаруйн хугацаанд уран бүтээлээ бэлэн болгов.
- “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжгийг хэдэн хүн амилуулж бүжиглэсэн бэ?
-Үндэсний урлагийн их театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, аймгийн театрын болон циркийн бүжигчид нийлсэн 70-80 хүн бүжгэн жүжигт тоглолоо. Манай бүжигчид бэлтгэлээ Хүүхдийн ордонд хийж байгаад Дорноговьд дөрвөн өдрийн өмнө очоод шинэ тайзан дээр шууд тоглов. Жүжиг тавих тайзан дээрээ яг зохиолынхоо дагуу бэлдэж үзэлгүй, өм цөм бэлдэж байгаад шууд тоглосон гэхэд ямар ч алдаа мадаггүй сайхан боллоо. Манай гэгээнтний юм үргэлж л сайхан бүтэж байдаг юм даа.
- Энэ бүжгэн жүжгийг тоглоход зориулж шинэ тайз хийсэн юм уу?
- Тийм ээ. Урд хөршөөс явуулын тайз авчирсан. Өөрийн гэсэн үлдэх юмтай болохыг зорьсон юм. Ийм наадам болоход дандаа зээлээр авч тоглолтоо хийчхээд буцаагаад өгчихөөр дараа нь ахиад тоглолт хийх боломжгүй болчихдог. Тиймээс дараа дараагийн удаа тоглолт хийхэд бэлэн өөрийн тайзтай байхыг бодолцож явуулын том тайз авчирчээ. Ардаа усан хөшигтэй буюу бороо орж байгаа юм шиг харагддаг, голдоо эргэдэг, арын хэсэг нь дээш, доошоо өргөгддөг тайзтай болов. Ер нь энэ “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжиг шинэ санаа, инновацаар дүүрэн.
- “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжгийн эхний тоглолтыг үзэгчид хэр хүлээж авсан бэ?
- Дорноговь их халуун газар учраас шөнийн цагаар бүжгэн жүжгээ тоглохоор тогтсон юм. Ингээд долоодугаар сарын 27-ны 22 цагт тоглож эхлэх байсан ч цагаасаа хождож 23 цагт эхлээд шөнийн нэг цагт дуусгав. Хэдий тийм ч хүмүүс тарж явалгүй хүлээж, хоёр цагийн турш битүү алга ташлаа. Үзэгчдийн алга ташилт дунд уран бүтээлээ тоглож дуусгах уран бүтээлчдийн хамгийн том баяр байдаг. Эндээс манай нутгийнхан гэгээнтэндээ хэчнээн хайртай байдаг нь мэдэгдэнэ. Ноён хутагтынхаа үүх түүхийг ч манайхан сайн мэддэг болохоор таашааж үзсэн байх. Бүжгэн жүжгийн цомнолд ч бас үүх түүхийг нь шингээж дунд нь тайлбар явуулсан. Хутагт эхээс төрж, гэгээнтнээр тодорсон үеэс эхлээд үйлс бүтээл бүгдийг нь тус жүжигт харууллаа.
- Уран бүтээлийг хаанаас санхүүжүүлсэн бэ. Цаашид өөр газарт энэ жүжгийг тавих төлөвлөгөө бий юү?
- Манайхан сонгодог урлагт хөрөнгө оруулах нь бага байдаг. Харин Дорноговь аймгийн ЗДТГ-аас Д.Данзанравжаа хутагтын 220 жилийн ойд зориулж сонгодог бүтээл туурвих зардлыг гаргалаа. Бид “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжгийг Улаанбаатар хотод тоглох тухай ярилцаж л байна. Удаан хугацаанд тоглох боломжтой том хэмжээний урлагийн бүтээл болгохоор хийсэн юм.
- Баярлалаа.
"Тэнгэрийн хутагт" бүжгэн жүжгийн Говийн ноён хутагт Д.Данзанравжаагийн бага насны дүр. Гэрэл зургийг Ш.Энхбаяр.
"Тэнгэрийн хутагт" жүжгийн хэсгээс. Гэрэл зургийг Ш.Энхбаяр.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.