Энэтхэг улс хүн амын тооллого явуулж, кастын мэдээллийн судалгаа гаргана
Анд нөхдийн мэдээ
2025-06-05
Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс 2027 онд кастын мэдээллийг багтаасан хүн амын тооллого явуулахаар болжээ. Энэхүү тооллого нь 1947 онд тус улс Их Британийн колоничлолоос чөлөөлөгдсөнөөс хойшхи анги давхаргын мэдээллийн анхны судалгаа болно. Судалгааг ихэнх бүс нутгуудад тухайн оны гуравдугаар сарын 1-нээс, өндөр уулын Гималайн бүс нутагт 2026 оны аравдугаар сарын 1-нээс эхлүүлнэ гэж Дотоод хэргийн яам мэдэгдлээ. 2027 онд эхлэх энэхүү тооллогын дүн 2030 онд гарах төлөвтэй байна. Тус улс анх 1872 онд Их Британийн колоничлолын үед хүн амын тооллого явуулж байжээ. Харин тусгаар тогтнолоо олж авсны дараа 1951 онд явуулсан хүн амын тооллогоор далит, адиваси зэрэг хүн амын бүртгэлд оруулдаггүй уугуул иргэдийг тооллогод хамруулаагүй байна. Хамгийн сүүлд 2011 онд хийсэн тооллогоор албан ёсны хүн ам нь 1.21 тэрбум, үүнээс 201 сая далит үндэстэн, 104 сая адиваси үндэстэн бүртгэгджээ. Харин 2021 онд хийх байсан хүн амын тооллого COVID-19 цар тахлын нөлөөгөөр хойшлогдсон аж. Хэдэн мянган жилийн уламжлалтай кастын систем нь Энэтхэгийн нийгэм, улс төрийн үндсэн элемент бөгөөд бүс нутаг, ажил мэргэжил, гарал үүсэл, овог аймаг зэргээр олон мянган анги давхаргад хуваагддаг. 1950 оны Үндсэн хуулиар анги давхарга, нийгмийн гарал үүслээр ялгаварлан гадуурхах үзлийг халж, хүн бүрт сонгох эрхийг олгох зэрэг нийгмээс гадуурхагдсан хүмүүсийг халамжлах тогтолцоог бий болгосон байна. Үүний дагуу нийт хүн амын 40-50 хувийг эзлэх доод давхаргынхныг төрийн албанд ажилд оруулах, их дээд сургуульд элсүүлэх зэрэг бодлого баримтлах болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.