Хар арьст америк боолуудын гэрэл зураг ямар түүх өгүүлэв?
Анд нөхдийн мэдээ
2025-06-02
Дөрвөн ширхэг гэрэл зургаас болж Харвардын их сургуультай зургаан жил шүүхдэлцсэн хар арьст эмэгтэй Тамара Ланиер ялалт байгуулснаа зарлалаа. Харвардын их сургууль ч нэхэмжлэгч талтай тохиролцоонд хүрч маргаанаа эцэслэснээ мэдэгдсэн байна. Сургуулийн зүгээс “Пибоди музейд хадгалагдаж ирсэн 15 ширхэг гэрэл зургийг Өмнөд Каролина дахь африк гаралтай америкчуудын олон улсын музейд шилжүүлнэ” гэжээ. Энэ хэрэг юунаас эхтэй вэ?
Шилжүүлэн өгч буй 15 гэрэл зургийн дөрөв нь Ренти гэх хар арьст эрэгтэй, түүний охин Делиа нарын зураг юм. Эдгээр зургийг 175 жилийн өмнө буюу 1850 онд Харвардын их сургуулийн профессор Луис Агассиз нэгэн гэрэл зурагчинд захиалга өгч авахуулжээ. Швейцар гаралтай Л.Агассиз нь "Хар арьстнууд болон цагаан арьстнууд өөр өөр гарал үүсэлтэй" гэдэг онолыг гаргасан хүн юм. Түүхийн явцад хар арьстнууд нь цагаан арьстнуудаас дорд гаралтай гэсэн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн гол багана болж ашиглагдсаар ирсэн энэ онолыг хожмын эрдэмтэд үгүйсгэсэн түүхтэй. Дээрх онолоо батлахын тулд Л.Агассиз дагерреотип буюу гэрэл зургийн анхны техникийг ашиглан тухайн үед боол байсан хар арьстнуудын зургийг авсан нь тэр аж. Ренти, Делиа нарын зургийг зурагчин Ж.Жейли Өмнөд Каролина мужийн нэгэн студид авчээ. Зурагт сайхь хоёр царай төрхийн ямар нэгэн хувиралгүй, цээжин бие нь ил гарсан байдалтай гарсан бөгөөд Америкийн боолуудын хамгийн анхны гэрэл зураг гэгддэг. 1976 онд эдгээр зургийг Харвардын их сургуулийн Пибоди музейн хонгил дахь агуулахаас олсон байна. Зурагтай хамт олдсон тэмдэглэлд боолуудын нэр, гарал үүсэл, ажилладаг байсан тариалангийн талбайн талаарх мэдээлэл байв.
Харвардын их сургуультай зургаан жил заргалдсан Тамара Ланиер
Шүүхэд нэхэмжлэл гаргасан Т.Ланиер бүсгүй 2010 онд угсаа гарлынхаа түүхийг судалж байхдаа, өвөг дээдсийг нь "Ренти Папа" (Renty Papa) гэдэг байсныг ээжээсээ дуулж мэджээ. Яг энэ үедээ тухайн үеийн боолуудын нэрсийн жагсаалт дундаас "Big Renty", "Renty", "Delia" гэсэн нэрсийг олсон аж. Т.Ланиер "Big Renty" бол ээжийнх нь хэлсэн түүний өвөг "Renty Papa" бөгөөд харин Делиа нь түүний охин гэсэн гаргалгаа гаргаж, түүндээ бат нот итгэх болсон байна. Гэсэн хэдий ч Ренти нь түүний өвөг дээдэс мөн гэдгийг батлах тодорхой нотолгоо байсангүй. Үүний дараа тэрбээр Ренти, Делиа нарын зураг Харвардын их сургуульд байгааг олж мэдээд, тус сургуулийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргаж, Харвард боолчлолтой холбоотой бага хурал зохион байгуулж, үүндээ өвөг дээдсийнх нь нэр болон гэрэл зургийг ашигласан гээд 40 долларын үнэтэй антропологийн номын нүүрэн дээрх хар арьст боолын зургийг онцолсон байна. Гэвч 2021 онд Массачусетс мужийн шүүх Ланиер, Ренти нарыг цусан төрлийн холбоотойг нотлох баримт байхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Харин дараа жил нь Дээд шүүх "Харвардын их сургууль Тамара Ланиерт сэтгэл санааны хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй" гэсэн шийдвэр гаргав. Шүүхийн маргаан үргэлжилж байх явцад Харвард санаачилга гаргаж, Тамара Ланиертэй тохиролцоонд хүрснээр энэ хэрэг шийдэгджээ. Тус сургууль Т.Ланиерт төлбөр төлсөн эсэх нь тодорхойгүй байна.
Гэрэл зургийн эх сурвалж: "Business Insider" сэтгүүл.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.