Онгоц зогсоогүй байхад суудлаас боссон зорчигчийг торгодог анхны улс Турк болов
Анд нөхдийн мэдээ
2025-05-29
Туркийн Иргэний нисэхийн ерөнхий газраас онгоц бүрэн зогсохоос өмнө суудлаасаа боссон, буух ээлж нь болоогүй байхад босож эгнээ хооронд бөөгнөрөл үүсгэсэн зорчигчдыг торгох журам гаргажээ. Туркийн "Halk" телевизийн мэдээлснээр, ийм үйлдэл гаргасан зорчигчдод шинэ журмын дагуу арга хэмжээ авахыг тус улсад буух онгоцны бүх багт үүрэг болгосон байна. Торгуулийн хэмжээ ойролцоогоор 2600 турк лир (240 мянга орчим төгрөг) байх аж. Түүнчлэн онгоц бүрэн зогсоогүй байхад хамгаалалтын бүсээ тайлах, хамгаалах бүсний тэмдэг унтрахаас өмнө босох, ачаа тээшний хайрцгийг онгойлгох зэрэг үйлдлийг хориглосон байна. Өмнө нь энэ талаар тодорхой анхааруулга гаргасан хэдий ч олигтой хэрэгжихгүй байгаа тул торгуулийн арга хэмжээ авахаар болсноо Иргэний нисэхийн ерөнхий газар мэдэгджээ. Журамд зааснаар, нисэх багийн гишүүд чанга яригчаар зорчигчдод урьдчилан анхааруулах бөгөөд анхааруулгыг үл хэрэгссэн зорчигч дээр дурдсан шийтгэлийг хүлээнэ. Дэлхийн улс орнууд, тухайлбал АНУ-д зорчигч онгоц зогсоогүй байхад босвол хөлгийн баг зөвхөн анхааруулах үүрэгтэй бөгөөд ямар нэгэн шийтгэл ногдуулах журам байдаггүй. Харин Турк улс ийнхүү хатуу журам гаргасан анхны орон болж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.