Массачусетсийн технологийн их сургуулийн хиймэл оюуны хичээлийг монгол сурагчдад заана
Чихэнд чимэгтэй
2025-05-21
АНУ-ын Массачусетсийн технологийн их сургуулийн хиймэл оюуны хичээлийг Монголын ерөнхий боловсролын сургуулиудад нэвтрүүлэх гэж байгааг Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ. Ирэх зургаадугаар сард эхний ээлжинд 30 сургагч багшийг тус сургуулийн судлаачдын боловсруулсан хөтөлбөрөөр бэлтгэж, 10 дугаар сард хиймэл оюуны өдөрлөг зохион байгуулах ажээ. Улмаар хичээлийг шат дараатайгаар сургуулиудын сургалтын хөтөлбөрт тусгахаар төлөвлөсөн байна. Массачусетсийн технологийн их сургууль нь ахлах ангийн сурагчдад зориулсан хиймэл оюуны хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлдэг. Тухайлбал, дөрвөн долоо хоногийн техникийн сургалт, хоёр долоо хоногийн багийн төсөл гэсэн хоёр үе шатаас бүрдэх "MIT FutureMakers" хөтөлбөрөөр сурагчдад "Python", "MIT App Inventor" зэрэг хэрэгслүүдийг ашиглан хиймэл оюун суурьтай прототип бүтээж, багаар ажиллахыг сургадаг байна. Энэ хөтөлбөр нь ирэх долоодугаар сарын 1-нээс эхлэн зургаан долоо хоногийн туршид цахимаар үнэгүй явагдах ажээ Мөн тус сургуулиас 10-12 дугаар ангийн сурагчдын дунд "AI&Health Summer High School Bootcamp" хөтөлбөр хэрэгжүүлж, хиймэл оюун болон машин сургалтын аргуудыг эрүүл мэндийн салбарт хэрхэн ашиглаж болохыг заадаг ажээ. Энэ хөтөлбөрт нэг сурагч 2000 ам.доллар төлж хамрагддаг байна. Түүнчлэн "Beaver Works Summer Institute", "Inspirit AI" зэрэг Стэнфорд болон Массачусетсийн технологийн их сургуулийн төгсөгчид, оюутнуудын боловсруулсан хиймэл оюуны үндсэн ойлголт, практикт хэрхэн хэрэглэхийг ахлах ангийн сурагчдад заадаг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.