Ричард Гир тэргүүтэй кино одууд Палестинд үйлдэж буй Израилийн геноцидийг эсэргүүцэж байна
Анд нөхдийн мэдээ
2025-05-13
Өнөөдөр болох Каннын олон улсын кино наадмын нээлтийг угтан дэлхийн өнцөг булан бүрээс нэгдсэн кино уран бүтээлчид Газын зурваст Израилийн үйлдэж буй геноцидийг буруушаав. AFP агентлагийн мэдээлснээр, дэлхийн кино урлагийн 380 гаруй нэртэй зүтгэлтэн өчигдөр Францын “Liberation” сонинд нийтлүүлсэн ил захидалдаа "Газын зурваст геноцид болж байхад бид чимээгүй сууж болохгүй" гэсэн бөгөөд Холливүүдийн одууд болох Ричард Гир, Сюзан Сарандон, Марк Руффало, Испанийн жүжигчин, найруулагч Хавьер Бардем, Педро Альмадовар нар гарын үсэг зуржээ. Мөн 2022 оны Каннын наадмаас шагнал хүртсэн Шведийн найруулагч Рубен Өстлунд, өнгөрсөн жил Холокостын тухай киногоороо "Оскар"-ын шагнал гардаж авахдаа Газын зурвас дахь нөхцөл байдлыг шүүмжилж байсан Их Британийн найруулагч Жонатан Глэйзер нар уг уриалгад идэвхийлэн оролцож байна. Захидалд мөн өнгөрсөн сард Израилийн агаарын довтолгооны үеэр амь үрэгдсэн Палестины гэрэл зурагчин Фатима Хасунагийн тухай онцлон дурдаж, түүний дурсгалыг хүндэтгэж буйгаа илэрхийлжээ. Газын зурваст хэсэг хугацаанд аж төрж, дайны аймшгийг баримтжуулж чадсан Ф.Хасунагийн амьдрал, уран бүтээлээр хийсэн баримтат киног энэ жилийн Каннын наадамд үзүүлнэ. Уриалгад нэгдэгчид мөн Палестины найруулагч Хамдан Балалыг баривчлан саатуулсан асуудлаар, "Оскар"-ын наадмыг зохион байгуулдаг Америкийн Кино урлагийн академи ямар нэгэн байр суурь илэрхийлэхгүй байгааг хурцаар шүүмжилсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.