images

АНУ-ын Харвардын их сургууль улсаасаа урт түүхтэй

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-05-05


   Харвардын их сургууль нь АНУ тусгаар тогтнолоо тунхаглахаас 140 жилийн өмнө байгуулагдсан буюу улсаасаа урт түүхтэй сургууль ажээ. Эдүгээ Массачусетс мужийн Кэмбриж хотод байрладаг тус сургуулийг 1636 онд санваартнуудыг сургахаар Их Британиас ирсэн англи протестант шашинтнууд байгуулжээ. Тухайн үед 20 мянга гаруй санваартан шашин шүтлэгийн эрх чөлөө эрэлхийлж Их Британиас Америкийн Массачусетс руу ирсэн гэдэг. Зөвхөн Харвардын их сургууль төдийгүй Йелийн (1701), Принстоны (1746), Дартмутын (1769) зэрэг долоон сургууль АНУ 1776 онд тусгаар тогтнолоо тунхаглахаас өмнө байгуулагдсан аж. Харвардын их сургууль анх "New College" нэртэй байгуулагдсан байна. Энэ нь Их Британийн Кэмбриж хотын нэрээр нэрлэгдсэн Кэмбрижийн их сургуулийн нэрээс санаа авч, 1638 онд тус хотыг Кэмбриж гэж нэрлэхээс өмнө "New Town" гэж нэрлэгддэг байсантай холбоотой ажээ. Харин Их Британийн протестант шашны зүтгэлтэн Жон Харвард 1638 онд нас барахдаа өөрийн хөрөнгийн тал хувь болох 779 паунд болон 400 боть номыг тус сургуульд хандивласан бөгөөд дараа жил нь сургуулийг түүний нэрээр Харвард коллеж хэмээн нэрлэх болжээ. Ж.Харвардын хандивласан мөнгө Массачусетсийн мужийн нэг жилийн татварын орлоготой тэнцэж байсан гэдэг. 1776 онд АНУ тусгаар тогтнолоо зарласны дараа Харвард нь шашны сургуулиас эрдэм шинжилгээний байгууллага болон хөгжиж, 1782 онд Анагаах ухааны сургууль байгуулснаар иж бүрэн их сургуулийн статустай болж Харвардын их сургууль гэдэг нэрийг олсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.