images

Өмнөд Солонгост сурч буй гадаад оюутнуудын 6 хувь нь монгол

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-05-05


   Өмнөд Солонгосын их, дээд сургуульд сурдаг гадаад оюутнуудын тоо өнгөрсөн онд анх удаа 210 мянгад хүрсэн билээ. Энэ нь 2023 оныхоос 15 хувиар өссөн үзүүлэлт болохоос гадна тус улсын бүх их сургуулийн нийт оюутны 10 хувь нь гадаад гэсэн үг ажээ. Мөн Өмнөд Солонгосын Засгийн газар 2027 онд гадаад оюутнуудын тоог 300 мянга болно хэмээн тооцоолж байна. Тус улсад суралцаж буй гадаад оюутнуудын 91 хувь нь Азийн орнуудын иргэд бөгөөд тэдний зургаан хувийг монгол оюутнууд бүрдүүлж байгаа аж. Харин таван хувийг Европ, хоёр хувийг Хойд Америкийн оюутнууд эзэлжээ. Мөн нийт Азийнхны 35 хувийг хятад, 27 хувийг вьетнамчууд эзэлж байгаа юм. Өмнөд Солонгосын гадаад оюутнуудын 70 хувь нь зэрэг авахаар, 30 хувь нь хэлний бэлтгэлд сурч байна. Боловсролын зэрэг горилж буй оюутнуудын 62 хувь нь бакалавр, 24 хувь нь мастер, 14 хувь нь докторын зэрэг горилон сурч байгаа юм. Мэргэжлээр нь авч үзвэл, ихэнх нь буюу 68 хувь нь нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиглэлээр суралцаж байна. Мөн “Hanyang”, “Kyunghee”, “Yonsei” их сургуулиуд гадаад оюутны тоогоор тэргүүлж байгаа юм. Тус улс 2014 онд “Өмнөд Солонгост суралцъя” төслийг эхлүүлсэн бөгөөд гадаад оюутны тоо огцом өсөж байгаад К-поп, К-драма их нөлөөлжээ. Сонирхуулахад, тус улсад төрөлт буурснаас болж коллежийн насны оюутнуудын тоо огцом буурсан тул гадаад оюутнуудыг их сургуулиуддаа татах нь чухал байна. 2000 онд коллежийн насны солонгос оюутан 600 мянга байсан бол одоо 310 мянга болж буурсан гэнэ. Харин 2039 онд энэ тоог 200 мянга болно хэмээн таамаглаж байгаа аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.