images

Хойд Солонгосын цэргүүд Оросын рэп дуунд дуртай болжээ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2025-04-28


   ОХУ-ын Курск мужид байлдаж буй Хойд Солонгосын цэргүүд орос цэргүүдээс тусдаа байрлаж, хоорондоо тусгайлан томилогдсон орчуулагчдаар дамжуулан харилцаж байгаа талаар “Telegram” дахь Mash суваг мэдээллээ. Тус сувгийн бичсэнээр, Хойд Солонгосын анхны 1500 цэрэг ОХУ-д 2024 оны 10 дугаар сард иржээ. Тэд Буриадын Улаан-Үд хотод бэлтгэл хийгээд Курск мужид хэсэг хэсгээрээ ирж байрласан байна. Курскт тэднийг хүн нэг бүрийн зэвсэг хэрэгсэл, хүнд техник, тэр дундаа Хойд Солонгост үйлдвэрлэсэн 170 мм-ийн “Коксан” артиллерийн их буугаар хангажээ. Солонгос цэргүүд өнгөрсөн оны 12 дугаар сард Плёхово хэмээх тосгоныг буцаан авахад амжилттай сайн байлдсан гэх бөгөөд уг тосгоныг эзлэхэд таван цаг зарцуулсан байна. Хойд Солонгосын цэргийн бие бүрэлдэхүүн тусгай салаа, хугацаат цэргийн алба хаагчид, нүүлгэн шилжүүлэх тусгай бүлгээс бүрдэж байгаа аж. Курскт байлдаж буй цэргийн анги дахь эх сурвалжийн Mash-д мэдээлснээр, солонгосчууд орос хоолонд хурдан дассанаас гадна Оросын дуу хөгжим, тэр дундаа рэп дуунд их дуртай болсон гэнэ.  Өнгөрсөн оны 11 дүгээр сард Өмнөд Солонгосын парламентын гишүүн И Сён Квён тус улсын тагнуулын байгууллагын эх сурвалжид түшиглэн мэдээлэл хийхдээ “Оросын Курск мужид Хойд Солонгосын 10900 цэрэг очсон” гэсэн билээ.           

Зураг дээр: Өнгөрөгч хоёрдугаар сарын 11-нд Украины ерөнхийлөгч В.Зеленскийн “Telegram” хуудсандаа нийтэлсэн олзны солонгос цэргүүд.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.