images

Өвчний улмаас төрөлх хэлээ мартжээ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2025-04-28


   Туркийн Конья хотын иргэн, 67 настай Рахми Карадемир өвдгөндөө мэс засал хийлгэснийхээ дараа эх хэлээ ор тас мартаж, зөвхөн дани хэлээр ярьдаг болсон тухай “Anadolu” агентлаг мэдээллээ. Тэрбээр 20 жил Дани улсад амьдарсны дараа эх орондоо ирээд 10 жил болж байжээ. Долоон хүүхдийн эцэг тэрбээр өнгөрсөн долоо хоногт хагалгаанд орсон бөгөөд хоёр хоногийн дараа баруун гар, хөл нь хөдлөхөө больж, ярьж чадахаа байсан байна. Шинжилгээгээр түүний тархины артерийн гол судсанд бүлэн үүссэнийг тогтоож дахин хагалгаа хийжээ. Хагалгаа амжилттай болсон боловч өвчтөн ухаан орсноосоо хойш турк хэлээр нэг ч үг хэлж чадахгүй, зөвхөн дани хэлээр ярьдаг болсон байна. Конья хотын “Сельчук” их сургуулийн Анагаах ухааны тэнхимийн доктор Гёкхан Өздемирийн хэлснээр, анагаах ухааны практикт ийм явдал маш ховор тохиолддог гэнэ. “Судас бөглөрснөөр өвчтөн эх хэлээ мартах, огт сурч байгаагүй хэлээрээ ярьдаг болох тохиолдол байдаг. Зарим тохиолдолд, хоёр хэлтэй хүн нэгийг нь мартаад зөвхөн нөгөө хэлээрээ ярьдаг болдгийн жишээ нь энэ боллоо” хэмээн тэрбээр “Anadolu” агентлагийн сурвалжлагчид ярьжээ. Харин өвчтөн сурвалжлагчтай орчуулагчаар дамжуулан харилцсан бөгөөд “Би турк хэлийг ойлгоод байна. Гэхдээ ярьж чадахгүй юм. Толгойд зөвхөн дани хэл орж ирээд байна. Бурхан өршөөвөл энэ байдал яваандаа засрах байх” гэсэн байна.

Гэрэл зургийн эх сурвалж: www.aa.com.tr

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.