Хойд Солонгосоор аялсан англи залуу юу ярив?
Анд нөхдийн мэдээ
2025-04-11
Пёньяны олон улсын марафон гүйлтийн тэмцээнийг зохион байгуулж буй Хойд Солонгос улс гадаадын иргэдэд урдынхаасаа илүү нээлттэй байгаа тухай тус улсад зорчсон аялагч мэдээлэв. Гэхдээ жуулчдад үйлчилдэг хөтөч, орчуулагчид Ким Жон Ун зэрэг удирдагчдынхаа тухай ярихдаа маш болгоомжтой хандсан хэвээр байгааг тэрбээр мөн хэлжээ. 2.3 сая дагагчтай Их Британийн аялал жуулчлалын YouTuber Харри Жаггер уг марафон болон ард иргэдийн жирийн амьдралын тухай дүрс бичлэг нийтэлсэн байна. Түүнд тус улсад аялах явцдаа мөрдөх дөрвөн журам танилцуулжээ. Тэдгээр нь хөтөчгүй ганцаараа явахгүй байх, хөтчийн зөвшөөрөлгүйгээр зураг авахгүй байх, удирдагч Ким Жон Уныг үл хүндэтгэсэн үг хэлэхгүй байх, шашны сурталчилгаа хийхгүй байх ажээ. Гэсэн хэдий ч Х.Жаггер нэлээд чөлөөтэй аялсан тухайгаа хэлж, хөтөчтэй ганцаарчлан ярилцаж байхдаа Ким Жон Уны залгамжлагчийн талаар асуужээ. "Ким Жон Уныг түүний охин Ким Жү Аэ залгамжлах уу?” гэж асуухад өөр ямар ч асуултад саадгүй хариулдаг хөтөч Ким Жү Аэ-гийн нэрийг хэлэх мөчид нэлээд эргэлзэж "Би сайн мэдэхгүй байна" гэж хариулсан гэнэ. Мөн “Танай орныг зорин ирж буй зочид юуг сайн ойлгоосой гэж хүсэж байна вэ?” гэж асуухад хөтөч "Бидэнд агуу удирдагч бий. Тэр бол бидний сүр хүч юм. Удирдагч аль нэг газарт зочлоход ард нийтийн анхаарал тэнд төвлөрдөг бөгөөд түүнтэй уулзах нь хэн хүнд олдохгүй завшаан юм" гэжээ. Х.Жаггер нийслэл Пёньян хотын Хвасон дүүрэгт шинээр баригдсан Римхын гудамжаар алхаж явахдаа "Хойд Солонгос гайхалтай цэвэр, эмх цэгцтэй орон юм" хэмээсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.