Япон: Ивожимагийн тулалдааныг дурсах ёслолд 100 настай америк ахмад дайчин оролцов
Анд нөхдийн мэдээ
2025-03-31
Дэлхийн II дайны үеэр Номхон далайд өрнөсөн байлдааны ажиллагаануудаас хамгийн ширүүн тулалдааны талбар болсон Ивожима аралд 80 жилийн дараа дахин зочилсон 100 настай америк ахмад дайчин Жо Каминити "Би Японыг хэзээ ч буруутгаж байгаагүй. Харин дайныг үзэн яддаг” гэжээ. 1945 оны хоёрдугаар сард 20 настай тэнгисийн явган цэрэг байхдаа уг тулаанд оролцсон тэрбээр Ивожимагийн тулалдааны 80 жилийн ойг тохиолдуулан АНУ, Японы Засгийн газраас зохион байгуулсан дурсгалын нэгдсэн арга хэмжээнд ирж оролцсон байна. Ёслолын арга хэмжээнд Японы ерөнхий сайд Ишиба Шигэрү, Батлан хамгаалахын сайд Ген Накатани, АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хэгзэт нар оролцов. 1945 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр АНУ-ын армийн цэргүүд тус аралд бууж, нэг сарын турш үргэлжилсэн тулалдааны үеэр ойролцоогоор 6800 америк цэрэг амь үрэгдэж, 20000 цэрэг шархадсан бол Японы 21900 цэрэг амь үрэгджээ. Тийм ч учраас үүнийг АНУ-ын Тэнгисийн явган цэргийн түүхэн дэх хамгийн ширүүн тулалдаан байсан гэж үздэг. Ж.Каминити тухайн үед шархадсан цэргүүд болон амиа алдагсдын цогцсыг тээвэрлэж явахад машин нь хэд хэдэн удаа суманд оногдсоныг дурдаад “Азаар би амьд үлдсэн” гэжээ. Улмаар "Би баатар биш. Жинхэнэ баатрууд газар доор нойрсож байна. Хоёр талаас амиа алдсан хүмүүс бүгд баатар" гэжээ. Тэрбээр дайны дараа нутагтаа буцаж ирээд гутлын үйлдвэр зэрэг газруудад насан өндөр болтлоо ажилласан байна. Эцэст нь тэрбээр "Дайн бол тоглоом биш, бас хүсээд байхаар зүйл ч биш” гэжээ. Хүндэтгэлийн ёслолд оролцсон ерөнхий сайд Ишиба Шигэрү “Нэгэн цагт зэвсэг барин дайтаж байсан Япон, АНУ хоёр улс эдүгээ найрсаг харилцаатай, итгэлт холбоотон болсон. Цаашид энх тайвныг эрхэмлэж, хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргах болно” гэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.