images

Ооносато Харү башёд түрүүлэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-03-24


   Японы мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд 25 настай оозэки Ооносато түрүүллээ. 12 давж гурав унасны эцэст тэрбээр маэгашира Такаяасүтэй оноо тэнцэн дахин барилдаж давсан юм. Арав дахь өдрийн барилдаанд хоёр бөх учраа таарахад Такаяасү давж байв. Залуу оозэки макүүчи зиндаанд дэвшээд найман башёд барилдахдаа ийнхүү гурав дахь удаагаа түрүүлж буй нь энэ бөгөөд аварга болох бүрэн бололцоотой хэмээн мэргэжилтнүүд түүнийг үнэлж байна. Японы мэргэжлийн сүмогийн холбоо ирэх тавдугаар сард 12-оос дээш давбал түүнд ёкозүна цол олгохоо амлажээ. Тэрбээр “Энэ башё асар их өрсөлдөөнтэй байлаа. Ялсандаа маш их баяртай байна. Өмнө нь Такаяасүтэй таарахдаа давж байгаагүй болохоор энэ удаа шийдэмгий барилдъя гэж бодсон” гэжээ. Өнгөрсөн оны эхний өдөр газар хөдөлсөн Ишикава мужийн уугуул тэрбээр “Дараагийн башё надад маш чухал. Төрсөн нутагт маань сэргээн босгох ажил өрнөж байгаа. Миний ялалт, сүмо бөх нутгийнхны маань сэтгэлийг сэргээнэ” хэмээсэн юм. Энэ башёгийн дайчин барилдааны шагналыг макүүчи зиндаанд маэгаширагийн 15-аас анх барилдсан Украины 21 настай залуу бөх Аоношики хүртэв. Тэрбээр 11 давсан бөгөөд сүүлийн өдөр сэкивакэ Оохогоор давсан юм. Мөн энэ шагналыг Японы Чүраноүми хүртжээ. Монголын бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил, Оонокацү Б.Чойжилсүрэн нар арав, комүсүби Киришима Б.Лхагвасүрэн найм давж цолоо хадгалан үлдлээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.