Д.Трампын тушаалаар хаагдсан “Чөлөөт Европ” радиогийн тэргүүн асан юу ярив?
Анд нөхдийн мэдээ
2025-03-21
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн 14-ний өдөр "Америкийн дуу хоолой", “Чөлөөт Европ”, “Чөлөөт Ази” радио зэрэг дэлхий дахинд цацагддаг хэвлэл мэдээллийн хэд хэдэн байгууллагын үйл ажиллагааг зогсоосон юм. Эдгээр байгууллага Хойд Солонгос, Хятад, Орос, Мьянмар болон бусад орны дарангуй дэглэмийн ард түмэнд дэлхий дахинд өрнөж буй үйл явдлын тухай олон жилийн турш бодитой мэдээлэл дамжуулж, ардчиллын үйл хэргийг түгээн дэлгэрүүлсээр ирсэн билээ. "Чөлөөт Европ” радиогийн гүйцэтгэх захирал асан Тед Липиен Д.Трампын энэ шийдвэрт бухимдаж буйгаа илэрхийлээд "Авторитар дарангуйлагчид энэ явдалд хөл нь газар хүрэхгүй баярлаж байгаа байх" гэжээ. Т.Липиен коммунист Польшид төрж, 1970 онд АНУ-д цагаачилжээ. Тэрбээр 1973 оноос эхлэн “Америкийн дуу хоолой” радиод 30 гаруй жил ажилласан бөгөөд 1980-аад оны сүүлээр эх орондоо коммунизм нуран ардчилал ирснийг талархан хүлээж авч байснаа дурссан байна. Тэрбээр Д.Трампын анхны засаглалын үед "Чөлөөт Европ” радиогийн тэргүүнээр ажиллаж байсан юм. Т.Липиен “Америкийн дуу хоолой", зэрэг АНУ-ын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хүчин чармайлтын ачаар Зүүн Европ ардчилалтай золгож чадсан” гэжээ. Түүнтэй БНСУ-ын “Chosun Ilbo” сонин утсаар ярилцлага хийснийг хүргэж байна.
-Chosun Ilbo: Одоо өрнөж буй үйл явдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Тед Липиен: Үнэхээр харамсаж байна. Сэтгүүлчид ажилгүй болж, эмх замбараагүй байдал нүүрлэж, дарангуйлагчид баярлаж байна. Энэ нь дэлхий нийтийн эмгэнэл боловч Хойд Солонгос зэрэг дарангуйлагч төртэй орнуудын иргэдэд бүр ч илүү эмгэнэлтэй явдал юм. Учир нь “Америкийн дуу хоолой", “Чөлөөт Европ” радио нь улс орных нь тухай цензургүй мэдээлдэг цөөн эх сурвалжийн нэг байсан.
-Chosun Ilbo: Коммунист Польшид байхдаа та “Чөлөөт Европ”-ыг сонсдог байсан уу?
-Тед Липиен: Өсвөр насандаа маш их сонсдог байсан. Тиймээс би коммунист орнуудын хүмүүст хаалттай мэдээлэл гэж юу болох, чөлөөт мэдээлэл ямар чухал болохыг сайн мэднэ. Польш өнөөдөр чөлөөт ардчилсан орон, НАТО болон Европын холбооны гишүүн." Америкийн дуу хоолой", “Чөлөөт Европ” радио Польшийг чөлөөлөхөд маш их үүрэг гүйцэтгэсэн.
-Chosun Ilbo: Эдгээр радио Хойд Солонгосын оршин суугчдад ямар нэгэн нөлөө үзүүлдэг болов уу?
-Тед Липиен: Хойд Солонгост ардчилал хэзээ ирэхийг хэн ч мэдэхгүй. Энэ нь маргааш, эсвэл таван жилийн дараа, эсвэл бүр илүү удаан байж магадгүй. Миний бодлоор эдгээр нэвтрүүлэг Хойд Солонгосын ард түмэнд итгэл найдвар төрүүлсэн. Нэвтрүүлгийг сонссон хүмүүс "Америкчууд биднийг эрх чөлөөтэй байгаасай гэж хүсч байна", эсвэл "Хэзээ нэгэн цагт Америкчууд бидэнд тусалж магадгүй" гэж боддог байх. Би Польшид байхдаа яг ингэж боддог байсан юм.
-Chosun Ilbo: Эдгээр нэвтрүүлэгт ажиллаж байсан үеийн тань хамгийн дурсамжтай мөч?
-Тед Липиен: Би Рональд Рейганы засаглалын үед "Америкийн дуу хоолой" радиод Польшийн хэлтсийг хариуцаж байсан. Польшид улс төрийн тогтолцоог эсэргүүцэх хөдөлгөөн өрнөж байсан үе. Польшийн ардчиллын хөдөлгөөнийг удирдаж, дараа нь ерөнхийлөгч болсон Лех Валенса, Пап лам II Жон Пол зэрэг хүмүүстэй уулзаж ярилцсанаа санаж байна. Би тэдний үзэл бодлыг нэвтрүүлж чадсанаараа коммунизмаас цус урсгалгүй ангижрахад хувь нэмрээ оруулсан гэж боддог.
-Chosun Ilbo: Одоо Европын ихэнх орон ардчилсан засаглалтай болсон. Гэсэн ч "Чөлөөт Европ” радиогийн үүрэг чухал хэвээр үү?
-Тед Липиен: "Чөлөөт Европ” Төв Европ руу нэвтрүүлэг цацахаа больсон. Гэхдээ бид Орос руу хандсан нэвтрүүлэг хийх шаардлагатай хэвээр байна. Бид бас Төв Азийн орнууд, Ирак, Афганистан гэх мэт улсуудад хандаж нэвтрүүлгээ явуулдаг байсан.
1950 онд байгуулагдсан "Чөлөөт Европ” радио нь Хүйтэн дайны үед ЗХУ-ын нөлөөн дор байсан Зүүн Европын коммунист орнуудад гадаад ертөнцийн талаар бодитой мэдээлэл хүргэж, коммунист дэглэмийг задлахад томоохон үүрэг гүйцэтгэсэн юм. Хамгийн сүүлд 2022 оны хоёрдугаар сард Орос Украин руу довтлох үед энэ радио орон нутгийн мэдээллийн сүлжээгээр дамжуулан нөхцөл байдлын талаар шуурхай мэдээлж байв.
Эх сурвалж: Chosun.com
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.