images

Дундговь аймгийн малчид түймэрт малаа алдсан иргэдэд тусална

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-03-17


  Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун хээрийн түймэрт өртсөн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн малчдад туслах аяныг санаачилжээ. Аяныг "Нэг өрх-Нэг хонь" нэрийн дор энэ сарын 15-наас эхлүүлсэн бөгөөд сумдын ЗДТГ-т иргэдийн өгсөн хандивыг цуглуулан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нэгтгэж хүргэхээр болсон байна. Харин өөр газраас нэгдэх, мөнгөн хандив өгөх тохиолдолд Дундговь аймгийн ЗДТГ-ын нэмэлт санхүүжилтийн буюу Төрийн банкны 100080051407 дансанд шилжүүлэх боломжтой ажээ. Онцгой байдлын ерөнхий газрын өгсөн мэдээллээр, хохирлын хэмжээ бүрэн эцэслэгдээгүй ч түймэрт өртсөн аймгуудад 38 гэр, дөрвөн автомашин, хоёр мотоцикл, 48 хашаа саравч, 6000 гаруй бог, 48 бод мал, 3500 гаруй боодол өвс шатжээ. Сонирхуулахад, эхний хандив Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргээс болон Дундговь аймгийн Сайнцагаан сумын "Марал" авто сэлбэгийн дэлгүүрээс мөнгөн хэлбэрээр иржээ. Түүнчлэн Дундговь аймгийн Гурвансайхан сумын малчид нэгдсэнээс сумын аварга, мянгат малчин Лхагважавын гэр бүл таван ямаа, таван хонь, мөн "Дэрсэнэ-Ус" багийн малчин Т.Даваацэрэнгийн гэр бүл таван хонь хандивлахаа мэдэгдсэн байна.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.